Сэлэнгэ аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо АНУ-ЫН ОУ-ын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөлтэй хамтран зохион байгуулагдсан "Таны Бизнесийг Танд" сэдэвт ажил хэрэгч уулзалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Ажил хэрэгч уулзалтанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хүрэлцэн ирсэн ба аймаг орон нутгийн зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд төсөл хөтөлбөрүүдэд хамруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, цаашид бүх талаараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл жижиг дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний талаар баримтлах бодлого, чиг хандлага, хэрхэн дэмжиж ажиллах талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, холбооны цаашдын зорилго,хэтийн зорилт, гишүүнчлэлийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.
REACH Төслийн зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулж өгөх, арилжааны банкнаас зээл авахад зээлийн зууч лалын үйлчилгээ үзүүлэхээр болсон төдийгүй бизнесийн талаарх сургалтуудыг хамтран зохион байгуулахаар боллоо. Иймээс эрхэм бизнесийн гараагаа эхэлж байгаа болон бизнес эрхлэгч бүсгүйчүүд эмэгтэйчүүд та бүхнийг бизнесээ өргөжүүлэх бүхий л талын мэдлэг мэдээллээ олж авч тус холбоондоо нэгдэхийг урьж байна. Ажил хэрэгч уулзалтад оролцсон болон хүндэтгэх шалтгаанаар ирж амжаагүй, хүчирхэг дайчин бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.