Энэ жил Сэлэнгэ аймаг улаанбуудайн ургац хураалт 56.7 хувьтай байна. Төмснийхөө 75.6 хувь, хүнсний ногооныхоо 78.4 хувийг хураан авчээ.
Аймгийн хэмжээнд 76.9 мянган тонн өвс, 60 тонн хүчит тэжээл, 910 тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Жил бүр 150 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг ч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас дээрхи хэмжээнд хүрэхээргүй хадлан авч байгаа аж.
Аймгийн тариаланчид өнгөрөгч наймдугаар сарын эхээр улаанбуудай, 9-ээр сарын 3-наас ургацаа хурааж эхэлжээ. Ингээд 30 хоног өнгөрч байхад дөнгөж 14 гаруйхан хоногт тариа будаагаа хурааж, зөөвөрлөсөн байна.
Энэ тухайгаа Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд технологийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Тиймээс улсын улаанбуудайн хэрэглээний 50 хувийг хангах боломжтой боллоо” гэлээ.
Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил ургац хураалт санасан төвшиндөө хүрч чадаагүй ч олон хүний хөдөлмөрийн үрээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой гэдгийг албаныхан онцолж байлаа.
Ц.ХИШГЭЭ