Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ПОСТ КОММУНИСТ ОРНУУД ДАХЬ АРДЧИЛЛЫН ХЯМРАЛ БА МОНГОЛ

2017-11-27  

Прага хотын Метрополитан Их сургуулийн улс төр, хүмүүнлэгийн ухааны салбарын профессор Михал Клима “Тоталитар нийгмээс гажуудсан ардчилал руу” гэсэн ном гаргаж түүнийг нь “Мезис Монгол” ТББ байгууллага эх хэл дээрээ орчуулан олон нийтийн хүртээл болгожээ. Манай улс төр, нийгмийн өнөөгийн байдлыг үнэлж дүгнэхэд түлхүүр болж мэдэх чухал гарын авлага болохуйц номыг цагаа олон Монголын сэхээтнүүдийн гар дээр тавьж байгаа хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийлье.

Чех улс өөрчлөлт, шинэчлэлийг амжилттай давж, НАТО-д элссэн нь чухамдаа Фукуяамагийн хэлсэнээр “Түүхийн төгсгөл”  Чех нутагт тохиолдсон мэт сэтгэгдэл төрж байлаа.

Гэтэл тоталитар дэглэм халагдсанаас 25 жилийн дараа, бодит нөхцөл байдал тэр үеийн хүлээлтээс эрс өөр байна. Улс төр судлаачид БНЧУ-г тогтворжсон талаас нь судлахаа больж, эсрэгээр юу гээч хүчин зүйлсийн нөлөөгөөр БНЧУ гажуудсан ардчилалтай орон болчихов гэдгийг судалж эхэллээ. Яагаад Чехийн ард түмэн хоёр ч удаа дараалан 2010, 2013 оны сонгуулиар улс төрийн эсэргүүцэл үзүүлж, 20 жилийн туршид өсөж бойжсон хоёр голлох нам, тоглогчтой, олон ургалч үзлийн хэм хэмжээ бүхий олон намын тогтолцоог салхинд хийсгэв?

Шалтгаан нь :  Улс төрийн намууд коммунизмын үеийн уламжлалт массын шинж чанараа хадгалж үлдсэн ба энэ шинжийг шинээр байгуулагдсан намууд нэг маяг болгон хэвшүүлсэн нь ардчиллын бусад багана, тулгуурууд тухайлбал иргэний нийгмийн байгууллагуудад бэхжих, байр сууриа олж улс төрийн тэнцвэржүүлэх чадамж суух бололцоо олгоогүй юм.

Аажмаар намууд, түүний удирдагчид, тойрон хүрээлэгчид 1990-ээд оны өмч хувьчлалаас хөрөнгөжиж,  хувьчлах юмгүй болсны дараа төрийн худалдан авалтаас шимэх бүхэл бүтэн арми, клиентүүдийн сүлжээний сүргийг бий болгосон.

Далд бизнестэй хутгалдсан цагаан гартнууд улс төрийн намуудыг дээрээс нь колончилж, ардчиллын ченжүүд хөлсний гишүүд, орон нутгийн боссуудаар дамжуулан доороос нь хувьчилж авсан байна. Улмаар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эрхшээлдээ авч, тагнуул, хяналтын байгууллагуудад төлөөллөө шургуулах замаар төрийг булаан эзэлдэг байна. Ингэснээр төрийн албанд намчирхлын гажуудал халдаж мэдээлэл, мэдлэг, бодлого, чадвар, ой санамж бүгд арчигдсанаар хямрал нийгмийг бүрхдэг байна. Улс төрийн намуудын нийгэмд эзлэх байр суурь аажмаар суларч, эсрэгээрээ төр лүү ойртон нийлэх явц өрнөж байна. 

Нэгд. Намууд санхүүжилтээ дотоод эх үүсвэр, гишүүд, дэмжигчдийн хандиваар бүрдүүлэхийн оронд улсын төсвөөс буюу төрөөс төрийн дэмжлэг ивээн тэтгэгчидтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэр, өөрөөр хэлбэл улс төрийн томилгоо, албан тушаалын хариуд өгөх хандив авах нь улам бүр ихэссэн.

Хоёрт. Намууд нийгмийн ашиг сонирхлыг нэгтгэх, илэрхийлэх уламжлалт чиг үүргээ умартан ердөө л сонгуулийн дүнд нөлөөлөх гэж хичээх Scarrow, Webb, Farrell 2002 болжээ.

Улс орон бүрийн хөгжлийн үзэл онол өөр байх нь дамжиггүй, ардчилал төлөвшүүлэх үйл явц мөн л тухайн нийгмийн хөгжлийн түвшин, уламжлал, ёс заншил, ахуй амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой. Тухайлбал:

1. Баруун болон хойд Европын нөхцөлд ардчилал нь картелийн хэлбэрт илүү ойртон хөгжиж байна.

2. Төв Европын хувьд коммунист тоталитар дэглэмээс ардчилалд шилжих үед улс төрийн намууд нь клиентелист шинж чанартай бүтцүүд болон хувирч байна.

3. Зүүн Европын орчинд улс төрийн нам өөрөө олигарх бүлгүүд болон хувирч, ардчилал гажуудалд оржээ.

Эндээс харахад чанарын ялгаатай нийгмийн орчин, өөрөөр хэлбэл ялгаатай гадаад, дотоод нөхцөл байдлууд нь нийгэм-төрийн харилцаа болон шинж чанараараа эрс ялгаатай улс төрийн намуудын хэлбэрийг үүсгэж байгааг Р.Катз, П.Майр нар Намуудын ардчилал ба улс төрийн намуудын зохион байгуулалтын өөрчлөлт бүтээлдээ тодорхойлжээ. Ихэнх пост коммунист орнуудад ГАЖУУДСАН АРДЧИЛАЛ тогтжээ.

МОНГОЛ УЛС

Пост коммунист ихэнх орнуудад болж өнгөрсөнтэй ижил төстэй үйл явц Монголд өрнөжээ. Монгол улс 1990 онд цус урсгалгүй өөрчлөлт, шинэчлэл хийсэн Азийн загвар ардчилал гэж цаасан малгай өмсөн, улс нийгмээрээ дэрвүүн, өөдрөг байсан цаг мөн л түүх болон үлдлээ. Гэвч 27 жилийн дараа эргэн харахад бидний хүсч байсан бүхэн хий хоосон мөрөөдөл төдийн зүйл болсон байв.

Өмч хувьчлалыг зохион байгуулсан, хамгийн их хүртсэн клиент хоёр нь улсын Ерөнхийлөгч, тамгын газрын дарга болжээ.

Хувьчлалаа мухарласны дараа 2000 оноос албан тушаал түрээслэх загвар мод болж өнөөг хүртэл хүчтэй бэхжин газар, лиценз, төр төсвөөс мөнгө саах, тендер, худалдан авалтаас завших клиентүүдийн хүрээ тэлсэн бөгөөд үүний том жишээ нь УИХ-ын даргын хүрээлэл, хотынхон, лицензийнхэн, 60 тэрбумынхан болов.

Одоо эдний хоорондын тэмцэл гэрээ шатаахад хүргээд байгааг бид мэдэх билээ.

Хөрөнгөжиж бэхжсэн олигархиуд, клиентүүд намуудыг, иргэний нийгмийн байгууллагууд, ардчиллын багана, тулгуур байж болох болгоныг шат шатанд нь хувьчилж авч байна. Европын орнуудаас ялгаатай нь Монголд Ардчилал гажуудсан бус соёолж амжаагүй юм. Учир нь үйлдвэржилтийн үеийн орнуудад байсны адил бэхжсэн салбарын болон мэргэжсэн холбоод, үйлдвэрчний эвлэл байсангүй. Аж үйлдвэржилтийн дараах үеийн орнуудын адил хүчтэй бэхжсэн иргэний нийгмийн байгууллагууд аль аль нь байгаагүй нь анхнаасаа зөв ардчилагдах хөрс байгаагүй гэж болно.

Мэргэжлийн хүчтэй холбоод, салбарын болон иргэний нийгмийн байгууллагууд сул хөгжсөн эсхүл бүрэлдэн тогтоогүй, ийм уламжлалгүй, баатарлаг дээдсийн маань төрт ёсны түүх баларч, мартагдсан орчинд ардчилал, ардчилсан намууд Михал Климагийн хэлсэнчлэн яг л ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ЭРХТЭН мэт байжээ.

ДҮР ИСГЭСЭН АРДЧИЛАЛ, СОЁОЛЖ АМЖААГҮЙ АРДЧИЛАЛ, ЗУЛБАСАН АРДЧИЛАЛ гэх мэтээр янз янзаар нэрлэх ардчилал соёолоогүй үндсэн шалтгаан нь улс төрөө, төлөөллөө бодитой хянах чадвартай сул дорой ч хамаагүй иргэний нийгэм байхгүй байсан, сэхээтнүүд хуучин нийгмийн үзэл санааны мухардлын улмаас тэнцвэр алдаж, шинэ нийгмээ ухаарах бэлтгэлгүй байсан явдал юм. Ийм нөхцөлд шинэ төрсөн араатан номенклатурыг хянаж, нийгмээ тэнцвэржүүлэх чадваргүй байсаар улам бүр төр, намуудад итгэх итгэлээ алдаж, коммунист тогтолцооны үеийн адилаар ихэнх иргэд хувийн орчин ахуйдаа л анхаарч, нийгмийн үйл явцыг сонирхохоо больж, улс төрийн идэвхээ гээх үзэгдэл газар аваад байна.

Энэ нь жижиг улсын хувь тусгаар тогтнолоо алдах эрсдлийн өмнө авчрах аюултайг мэдэрч болно. Өөрөө хэлбэл пост коммунист зохион байгуулалттай намууд иргэний нийгмийн байгууллагууд, төр, нийгмийн бүх институтуудыг, төрийг бүхэлд нь залгиж байхад засч, залруулах, саармагжуулж, хөндөлсөх хүчин байсангүй.

Монголын улс төрийн хамгийн том хоёр нам хувьчлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Ардчилсан намыг халамжийн тогтолцоогоор доороос нь хувьчилж авсан, Ардын намыг цагаан захтнууд дээрээс нь колончилж авсан.

Улс төрийн намыг доороос нь хувьчлах явц хурал, чуулган нэртэй хөдөөгийн найр, наадам, хотын баар саванд болдог бол дээрээс колончлох үйл явц Америк, Англи, Солонгос, Инканто саун, Тэрэлж, Улаанбаатар, Чингис зэрэг том зочид буудалд өрнөдөг аж.

Масс намууд амьгүй албат, “Хар албат, гишүүд” хөлсөөр элсүүлэх бөгөөд тэдэнд үзэл суртал ямар ч хамаагүй сонгуульд л санал цуглуулах үүрэгтэй байдаг.

Ийм маягийн улс төрийн намуудын хямрал дэлхий даяар танигдсан бөгөөд илааршуулах эмчилгээг хийх оролдлогууд хаа сайгүй гарч байна. Монголд Европын орнуудын адил Элит нам байгуулж шинэчлэх оролдлогыг Монгол Үндэсний Ардчилсан нам 2006 онд байгуулагдсанаар эхлүүлж байсан бол 2016 оны сонгуулийн өмнө ХҮН нам олны дэмжлэг авч байсан нь анхны илэрлүүд гэж болно.

МҮАН-ын хувьд Монголын сэхээтэн давхаргын хуучин нийгмийн итгэл үнэмшил нь мухардалд орсон шокноосоо гарч амжаагүй, нийгмийн оюун санаа бэлтгэгдээгүй үед эхлүүлж эртэдсэн. ХҮН намын хувьд МАНАН картелийн тавьсан урьханд орсноор сонгуульд оролцож чадаагүй юм.

Монголын улс төрд гуравдагч хүчний маш том орон зай бий болоод байгаа төдийгүй тэргүүлэгч хүчнийг зохион байгуулах түүхэн боломж байгаа нь нийгмийн шинэчлэлийг эхлүүлж, хямралаас гаргах, Ардчиллыг шинэ хөрсөнд дахин үрслүүлэх түүхэн боломж юм. Гэвч төв, зүүн Европ, пост коммунист орнуудад гарсан алдааг давтаж, элит намууд хүчээ үл нэгтгэвээс эрс шинэчлэлийг хийж чадах хүч сарьнаж, улс төрийн удаан хугацааны ээдрээт, тэнцвэр үүсч, нийгмийн болоод иргэдийн итгэл алдрах, тоталитар нийгэмд зүй тогтолоор шилжих процесс өрнөх эрсдэл ажиглагдаж байна.

Арваад жилийн өмнө Магнай, Уянга, Батзандан, Энхбат нарын өрнүүлсэн иргэний хөдөлгөөнүүд чухамдаа нийгмийн шинэчлэлийн цаг үеээ олсон тэсрэлт байсан боловч, удирдагчид нь масс намын нөмөр нөөлөг бараадан арилснаар олон түмний итгэл найдвар үүл мэт сарьнисан билээ. Тэр хирээрээ ардчилал улам л хуурмаг болж, плутократ, олигархиудын хувьчлан авсан картель намуудад төрийг зайдагнах эрхийг хязгааргүй олгожээ.

Өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнийг харахад 10 орчим плутократууд, 20 хувь нь олигархиуд, 50 хувь нь улс төрийн бизнесменүүд, орон нутгийн боссууд, нэлээд хэдэн нэр хүнд нь унасан олигархийн азтай өгөөшүүд байгаагаас харж болно. Улам бүр хөөн томрох төр хөөсөн намуудыг бий болгож, эсвэл эсрэгээрээ засаглагч намууд нь төрийг улам бүр данхайлган томруулдаг зүй тогтолтой аж. Эрх мэдэлд донтолт бол хар тамхинаас илүү ухамсартайгаар, муу санаатайгаар донтдог тул хэзээ ч өөрсдөө татгалзаж үл чадна.

Ахмадын холбоо, МЗХ, Эмэгтэйчүүдийн холбоо, хуульчдын холбоо, спортын холбоод, хүний эрхийн байгууллагууд, газар шороо хөдөлгөөн, нутгийн зөвлөлүүд, барилгачдын холбоо, ноолуурын холбоо, замчдын холбоо бүгд улс төрөөс ангид тогтвортой, цаг үргэлж, шахаж, шаардаж, хянаж ажиллах ёстой юм. Харамсалтай нь бүгд улс төрийн зорилготой, намууд, олигархиуд, клиентүүдийн байгууллага болж хувирсан юм. Бүх Их хурлын гишүүдийн туслахууд хэд хэдэн төрийн бус байгуулага удирдаж байдаг нь үүний тод жишээ юм.

Шинэ үеийн Элит намуудыг картель намууд шахан хавчих нь нийтлэг бөгөөд энэ нь нийгмийг улам л итгэл алдрахад хүргэдэг 

МАН, АН намуудад сэхээрсэн, ухаарсан олон мянган хүмүүс бий гэдэгт эргэлзэх хэрэггүй ч намынхаа барьцаа, дарамтаас давж эрслэхэд цаг хугацааны болон нөхцөл байдлын хугарлын эгшин хэрэгтэй гэдэг нь бас үнэн юм. Гэхдээ намуудынхаа дөнгөнөөс цаг алдалгүй мултарч, үндэсний хэмжээний оюун санааны нэгдэлд хүрэхийн чухалыг цуцалтгүй сурталчлах шаардлагатай цаг болжээ.

Ялангуяа мэдээллийн технологийн тэсрэлт хүмүүсийн мэдээлэл солилцох хүрээг тэлж, зүтгэлтэй хувь хүн төрөлжсөн байгууллагаас илүүтэй мэдээллээр хангагдах, түүнийгээ түгээх, бусдыг нийгмийн туст үйл ажиллагаанд уриалан дуудах, өргөн бололцоог олгож байгаа нь иргэний нийгмийн байгууллагууд хурдан соёолж, бэхжих сайхан боломж юм. Улс төрөөс ангид, улс төрийг хянах, хазаарлах, тэнцвэржүүлэх, намчирхлыг саармагжуулах чадамжтай олон олон иргэний нийгмийн байгуулагууд жам ёсоор хөгжсөнөөр Ардчиллыг жинхэнэ утгаар нь дахин үрслүүлж, соёолуулах, хөгжүүлэх, гажуудахаас сэргийлэх ач холбогдолтойг дэлхийн туршлага, улс төр судлаачид зөвлөж байна.

Харин масс намуудад залгиулчихгүй, картелуудад боймлуулчихгүй байлгахын тулд Улс төргүйжүүлэлт, намчирхлыг саармагжуулахад чиглэсэн хөдөлгөөнүүд пост коммунист орнуудад идэвхтэй ажиллаж байна. Монгол улсад ч гэсэн намын оролцоо онц чухал бус орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохыг хязгаарлах зорилготой Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн, хийрхсэн улс төржилтийг хазаарлахад чиглэсэн гишүүнчлэлээс татгалзах санаачилга зэрэг нь плутократууд, олигархиуд, клиентүүд хувьчилан авсан намуудаар дамжуулан, олон мянган гишүүдээр нүүр хийж, түрүү барин ард түмний хөрөнгийг завших, гадны клиент болж, баялгаа арилжих, улсаа худалдах, өртүүлэх аюулаас сэргийлэх түүхэн үүрэг гүйцэтгэж болох юм.

Бид ихээхэн өвөрмөц оронд амьдарч байна...

Тэртээ 1988 онд хэн нэгэн коммунизмын тогтолцоо нурна гэж хэлсэн бол, би галзуурч гэж бодох байлаа – тэр зүйл тохиолдсон.

Хэн нэгэн 2010 онд клиентилизм бөхнө гэж хэлсэн бол түүнийг ч мөн галзуурч гэж бодох байсан.”  гэсэн Чехийн улс төрч, эдийн засагч Либор Михаэлийн 2013 онд хэлсэн үгээр өндөрлөе.

Монголын сэхээтнүүд өмнөх үе, өнөө үеийн алдаа, оноог дэнслэн дүгнэж, соёолж амжаагүй Ардчиллыг тордон сэргээх цаг болжээ.

Улс үндэсээ, Эх Орноо гэсэн бүхэн Сэрэхтүн. Нэгдэгтүн.

 

 

Судлаач, Хан-Орчин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУЯА:УЛС ОРНЫГ МИНЬ ДАМПУУРУУЛАХАД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙГ ХАРААЛ ИДЭГ !!! 2017-11-27
ZZ:hairan saihan vildberuudiig mini bugdiig dampuuruulsan AH anhda****d bolon MAH erh medeltnuud buruutai. 2017-11-27
рагчаа:энэ нийтлэл таалагдлаа 2017-11-27
hool:UNDSEN HUULID TOONOOS CHANARIIG ERHEMLENE GEJ TUSGA TUSGA 2017-11-28
УХААРАЛ:угаасаа ЭНЭ ДЭЛХИЙД АРДЧИЛАЛ ГЭДЭГ ХИЙ ҮЗЭГДЛЭЭР ХҮМҮҮСИЙГ ДАРЛАДАГ.ҮНЭНДЭЭ АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ.АМЕРКАД Ч МОНГОЛД Ч БАЙХГҮЙ. 2017-11-28
irgen:1993-1997 онуудад явагдсан төрийн томоохон аж ахуйн нэгж , үйлдвэрүүдийг хувьчилсан асуудал , хувьчлалын үр ашгийг одоо хүртэл хүртэлгүй бирж гэдэг газар бүртгэлтэй байгаа олон зуун хүмүүсийн чингэсийн зурагтай ногдол ашгийн баримт бичгийн талаар , мөн хувьцаа эзэмшигчддээ дампуурсанаа мэдэгдэлгүй улсын ихээхэн өмчийг идэж , шүүхийн тогтоол гаргуулсан олон хувьцаат байгууллагын талаар асуудал хөндөж бичээсэй . Ард олон үнэнийг мэдэх эрхтэй . 2017-11-30
Zaya:Маш их баярлалаа. Бодол санааг минь бататгалаа 2018-08-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?