Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЯДУУ ХҮМҮҮСИЙН ГАНСРАЛ ЗОВЛОН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД НЭГЭНТ ХҮРЧЭЭ

2017-12-14  

Х.ЦЭВЛЭЭ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Би бол нэг мянга есөн зуун гуч, дөчөөд оны эхэн үеийн ядуу зүдүүгийн   зовлонг мэдэх хүний нэг. Манайхны хувийн амьдралтай холбоотой архивын баримт материал надад байна. 1933 он. Бөмбөгөр сумын Цагаан хайрхан багийн тавдугаар хорин. Өрхийн тэргүүн Буянхүүгийн Хорлоо. Нас 27. Хүү Дамдинсүрэн. Нас 2. Эх Адъяагийн Буянхүү. Нас 47. Мал хөрөнгө нь эм ямаа 8, ишиг 6, борлон 6, бүгд 20. Гэр 1 гэжээ. Энэ бол тэр үеийн манайх. Дамдинсүрэн хэмээгч нь тэр үеийн миний нэр.

Хүн ам, мал хөрөнгийн  бүртгэлийн  дараагийн хуудсанд  өрхийн тэргүүн Адъяагийн Даваа,  нас 30. Гэргий Хавчигийн Маахүү, нас 25. эх Борын Мандах. Нас 73. Мал хөрөнгө нь: Ямаа 33, адуу 2. Гэр 1 гэжээ. Энэ бол  манай эмээ Буянхүүгийн отгон дүү буюу миний нагац ахынх. Тэр хүнийг би бандихай  гэдэг байсан.  Дараагийн хуудсанд өрхийн тэргүүн Адъяагийн Дондог.Нас 33.Гэргий Дамбын Сумъяхүү нас 24. Адуу 3, ямаа 35. Гэр 1. Хавх 6 гэжээ. Энэ айл бол  манай эмээгийн гурав дахь  дүүгийнх. Би тэр хүнийг “бөндгөр ах”, гэргийг  нь агиа гэдэг байсан.  73 настай Мандах гэдэг тэр өндөр настай хүн бол намайг эх барьж авсан  буурал  ээж юм. Ийм л гурван өрх нийлж нэг  хот айл болон  амьдарч байсан  байдаг. Одоогоос ная гаруй  жилийн өмнөх манайхан иймэрхүү л борчууд  байжээ.

Манайхыг  миний ээж л толгойлон  авч явдаг байсан. Миний ээж Б.Хорлоо  1907 онд төрсөн хонь жилтэй хүн  байлаа. Тэгэхдээ энэ удаад   зөвхөн ээжийгээ дурсах төдий биш, харин ээжтэй минь адилхан  ядуугийн зовлон амсаж яваа өнөөгийн  ээжүүдийн хэлэхүйеэ бэрх амьдралын тухай асуудлыг ямар ч атугай  ерөнхийд нь хөндөх гээд үзье гэж бодсон юм. Тэртээ холхи цагийн тэрхүү  хоосон ядуу айлын хамаг хүнд амьдралыг   үүрч явахдаа ээж минь өөрийн халуун амины нэгээхэн  тасархай болсон  бяцхан хүү намайгаа тээршааж  хээрийн овоон дээр орхисонгүй, айлд ч үрчлүүлсэнгүй, хүн царайчлахгүй өсгөж, өндийлгөснийг нотлох үнэн баримт нь өнөө цагийн өвгөн буурал миний бие байгаа юм.

Би өрх толгойлсон ядуу эмэгтэйн бутач хүүхэд учраас эцгийн халамж, эд хөрөнгийн хангамжаар  дутдаг л юм бол дутах  учиртай хатуухан  орчлонд онож төрсөн хүн. Хэдүй тийм боловч ер юугаар ч дутаж яваагүй. Ээж  л байвал хүүхэд надад  хэрэгтэй бүх юм байж л байдаг байсан. Байхгүй байсан ч байлгаж  чаддаг байсан. Хэр баргийн эмэгтэй хүн хийх аргагүй ажлыг ч амьдрахын эрхээр хийж явсан байдаг. Нэг баримтыг мартаж чаддаггүй юм.

1945 оны мичин жилийн хавар болсон явдал.  Бид их өлсөж байсан. Хавар дулаараад ирсэн учир  ядахад зуданд осгож үхсэн малын зовлого хүртэл  олдохгүй  болсон   хэцүүхэн үе байсан. Тэгтэл нэг  өдөр нар шингэхийн өмнөхөн   ээж маань хоёр том тарвага үүрээд   л  ирсэн. Бидэнд хэлэхгүй айлынхаа хүнтэй хамтарч хоёр өдөр  ичээ ухсан  юм  байна л даа. Таван бүдүүн тарвага байсны дөрвийг нь аваад нэгийг яргуулаад алдлаа.Яахав хөөрхий нэг нь ч гэсэн амьд үлдэг дээ гэж яриад санаа алдаж суусныг  одоо яг тэр дүрээр нь харж байна. Дараа нь  ч бас ичээ ухсан. Би цуг явж байсан. Тэгтэл ашгүй  нэг их сайхан зөөлөн бороо орж ногоо гараад манайх  таван ишигтэй ямаа, арав гаруй хайдаг ямаагаа саагаад  хэвийн амьдралтай залгасан. Эцэггүй байвч  эцэгтэй юм шиг, ядуу байвч баян  юм  шиг  байлгаж чадах л гэж  тийнхүү  арга чаргаа барж явсныг нь бодохоор улам их өрөвдөж одоо хэр нь зүрх эмтэрдэг  байгаа юм.  Үр намайгаа   тэжээх гэж ээжийн минь амссан тэр мэтийн зовлон,  бэрхшээл өнөөг хүртэл мартагдахгүй дахин дахин бодогдоод, бодох тусам   сэтгэл санаа сэнсрүүлээд байдаг нь   яалт ч үгүй   ээжийн минь үгээр хэлж амжаагүй захиас   мөн  болов уу гэж  боддог. Янз бүрийн  бодол төрж л явах юм. Миний төрсөн, өнгөрсөн зууны гучаад онд манай суманд ядуус хэд байсныг  мэдэхгүй. Намайг төрөхөөс зургаан жилийн өмнө 1926 онд манай суманд гар хоосон ядуу айл гурав байгаа гэж  Сумын дарга  Даваасамбуу гуай  илтгэсэн мэдээ  байдаг. Таахай, Жавзмаа гэж хоёр гуйлгачин айл  байсныг  би мэдэх юм. Манай Цагаан хайрхан сум нийт гурван багтай, 150 гаруй өрхтэй байсантай харьцуулахад өчүүхэн тоо. Гэхдээ мал цөөнтэй манайх шиг амьдралтай  борчууд гэж нэлээд тооны айл   байсан.

Миний мэдээ орсон цагаас хойш гэхэд  манайхны хэдэн айлаас гадна бас Дагдангийг Доо, Дугарын Баатар, Жамбалын Хорлоо, Равдангийн Галсанжав, Пэрэнлэйн Дэндэв, Шадавын Чимид, Доогийн Хавчиг  зэрэг хэдэн   айл байсныг санаж байна.Гэхдээ гар хоосон ядуус биш л дээ.  Ямар ч атугай түүнээс хойш  тавин таван жилийн дараа  1990 он гэхэд Монголд ажилгүйчүүд, гар хоосон ядуус гэж байгаагүй. 1930-аад оноос 1990-ээд он хүртэл жараад жилийн хооронд тус улсад өөрөө амьдралаараа туулаагүй хүн  бол үнэмшмээргүй  их өөрчлөлт шинэчлэл хийсэн түүхтэй байдаг. Тухайлбал, энэ завсар Монгол Улсын Үндэсний   тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулж, олон улсад зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгосон, тусгаар тогтнолын шинэ ялалт, Халхын гол, дэлхийн хоёрдугаар дайнд  тусгаар тогтнолоо хамгаалж чадсан дайчин ялалт, нийтээр бичиг үсэгтэн болсон бичиг соёлын  их хувьсгал, хүн амыг эрүүлжүүлсэн эрүүл мэндийн хувьсгал,  орон даяар дэлгэрүүлсэн  бага, дунд, тусгай дунд, үндэсний дээд сургуультай болгосон боловсрол шинжлэх ухааны хувьсгал, олон зууны турш  малчин түмнийг зовоож ирсэн морин өртөөний албыг халсан шуудан харилцааны хувьсгал, эх орны гурилаар өөрийгөө хангадаг болсон  газар тариалангийн хувьсгал, 1944-1945 оны би­­чин жилийн  их зу­дын хохир­лыг даван туул­сан амжилт, худалдаа, аж үйлдвэр, барил­гажуу­лалтын хувьс­гал зэргийг нэрлэж болно. Эдгээр солонгорсон олон шинэ хувьсгалт өөрчлөл­тийн  үрээр эгэл жирийн олон түмэн ядуурлаас бүрэн ангижирч чадсан юм.

Одоо тэгтэл  сүүлийн  хэдхэн жилийн дотор монгол түмний хөлс цусаа урсган байж   олж  авсан  тэрхүү түүхэн ололт амжилтыг ор мөргүй  арчиж хаячихаад эдүгээ гурван сая хүний нэг сая орчим нь ядуус болсон гэх албан ёсны тоо баримт  олон улсын мэдээллийн санд орж данслагдсан байна. Үнэмшимгүй боловч үнэн баримт мөн  гэж сайд дарга нар эш татан шогширцгоож  байна. Дайны хөлд нэрвэгдээгүй, аюултай  айхтар газар хөдлөлт болоогүй,  үер усны том аюул тохиолдоогүй атал  ийм аймшигт байдал бий болсон байна. Ардчилсан төрийн нэрээр халхавчилсан  шуналтаны луйвар, дээрэм гэдэг нь  байгалийн ямар ч айхтар хүнд сүйрлээс хэд дахин   илүү аюултай сүйрэл авчирдаг  юм байна.

Манай орны эдгээр ядуус бол яалт ч үгүй төрөөс төрүүлсэн ядуучууд  болж таараад байгаа юм. Учир хэмээвэл  1990-ээд оны дундуур нийтийн амьдралын баталгаа болж байсан төрийн өмчийг үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын  луйварчин бодлого хийгээд, 2012-2016 онд төгрөгийг үнэгүйдүүлж, долларыг галзууруулж, мөнгө угаагчдыг баяжуулсан  төрийн мөнгөний зальхай бодлого,   бас орон сууцны найман хувийн болон арилжааны олон банкны  зээлийн  хомхой хүүнээс төрсөн ядуус ийм  их тоонд хүрсэн  нь эдүгээ  нэгэнт тодорхой  болоод байна.Өнөөгийн ядуусын тоо ардын хувьсгалын эхэн үеийн Монголын бүх хүн амын нийт тооноос үндсэндээ хоёр дахин  шахам олон болсон байна. Ингээд бодохоор Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхний элэг зүрх шимширмээр байна.

Зөвхөн 2012-2016 оны хооронд хүн амын цалин тэтгэвэр, тэтгэмж зэрэг мөнгөн орлогын  худалдан авах  чадвар наад зах нь жаран хувь буурсан гэлцэнэ. 2016 оны зуун төгрөгөөр  2012 оны үеийн дөчин төгрөгөөр авч байсантай дүйцэх  хэмжээний бараа таваар худалдан авдаг болсон байдаг юм байна.  Тэгэхлээр ядуурахгүй  байж тэсэхгүй л дээ. Өөрөөр хэлбэл  төрийн өмч хувьчлал болон  мөнгө, зээлийн либертари бодлогоос хүй тасран төрсөн Монголын  шинэхэн ядуусын зовлон түүнийг дагалдсан нийгмийн сэтгэл санааны гутрал, гансрал эдүгээ үндэсний гамшгийн хэмжээнд  нэгэнт хүрчээ. Үүнийг 2017 оны зун намар болсон  багш, эмч, урлагийн ажилтны цалингаа нэмүүлэх ажил хаялт нотолсон байх.

Миний хувьд, Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрт хүн амын бодит орлогын нэгэнт алдсан энэхүү жаран хувийн алдагдлыг нөхөн барагдуулах талаас нь тусгахгүй, зөвхөн олон улсын зээлийн өр төлж, гадаадын зээлдэгч нарыг хохироохгүй болгох тухай голлосон нь учир дутагдалтай харагддаг. Ядуурлын хамгийн  аюултай үр дагавар бол  нийгмийн сэтгэл  санааны гүн их  гунихрал, гансрал. Энэхүү гутралын улмаас гэр бүл, ахуйн хүрээнд хүчирхийлэл газар авлаа. Архи, хар тамхины мансуурал, биеэ үнэлэх, хүн худалдаалах явдал ердийн үзэгдэл мэт хүрээгээ тэллээ. Хэрцгий бүдүүлэг, хэрүүлийн үг төрийн дээд түвшинд хүртэл огшиж, эрээ цээрээ  алдлаа.Билэг танхай авъяаслаг монголчууд эдүгээ балмад танхай, уурын мунхаг ханхлуулсан аймшигт монгол болон  өөрчлөгдөж байна. Талцал хуваагдал, үгсэл хуйвалдаан,  хулгай луйвар хяналтаас гарахад ойртож  байна.

Түмний нүднээ ил байгаа наад захын эл баримтаас харахад одоо л ядуурлыг тэглэх зоримог алхам хийхгүй юм бол  оройтно гэдгийг хатуу  сануулж байна. Миний хүйгээр дамжуулж, хондон ягаан цусаараа өр зүрхэнд минь оршоож үлдээсэн ээжийн минь үгээр хэлээгүй далд мөрөөдлийн захиас надаас энэхүү нийтлэлийг  нэхэн шаардаж бичүүлсэн  болно. Миний үгийг хэн ч сонсохгүй, тоохгүй гэдгийг мэдэж байна.Тэгсэн хэрнээ  ээжийнхээ  амссан  гашуун бэрхийг  санахын эрхэнд өөрийн мэдэлгүй бичиж сууна. Хүн хөгшрөх тусам ээжийгээ санан бэтгэрдэг.Ээждээ   эрхлэхсэн, зулайгаа үнэрлүүлэхсэн,  толгойгоо илүүлэхсэн,сайхан цай хоол тааралдахад ээждээ амсуулахсан гэхчлэн байнга нялхарч явдаг. Хүнд хэлэхэд ичмээр боловч яг үнэндээ тийм л байдаг. Ганцаардал, гиюүрэл  гэдэг чинь ингэж л  өдрийн бодол шөнийн зүүд болон хувирдаг гэж болно.

Ээж гэж хэн бэ гэвэл  шаардлагатай цагт үр хүүхдийнхээ төлөө үхэхээс буцахгүй, ерөөс тэгээд үхэж чадах  тийм эоригтон. Та бидний ээжүүд энэ талаараа ав адилхан.

Сартай балчирхан хүүгээ тэвэрсээр Сэлэнгэ мөрөнд живж бурхан болсон Саранчимэг ээж шиг олон баатар ээж ингэж хорвоогоос хальсан байдаг. Гэвч ээж нарын сэтгэлийн хүч үл дийлэх гамшиг гэж байдаг.  Эдүгээ цагийн энэхүү ядуурлын гамшиг бол нэгэнт төрийн бодлогоос үүдэлтэй гамшиг учраас дан ганц  ээж нарын сэтгэлийн хүчээр төдий бус, харин төр засгийн энэрэнгүй агаад,  нэн хүчирхэг шинэ бодлогын хүчээр л ахиц өөрчлөлт гаргаж болох учиртай юм.

Юуны өмнө  цалин, тэтгэврийн худалдан авах чадварыг ойрын хоёр жилд  2012 оны түвшинд хүргэх хэрэгтэй болоод  байх шиг байна. Уг нь бол нэг сая ядуу хүн гэдэг нь хоёр зуун мянган өрх айл гэсэн үг. Нэг айлд нэг гэр, тугалтай таван үнээ,   арваад адуу, тавиад тооны бог мал байхад  ажил хэрэгч овсгоотой хү­мүүс бол ядуурлаас гарах боломжтой. Ингэж  баримжаалбал  нэг айлд ердөө 10000 долларын зар­дал орно. Ингээд нийт дүндээ хоёр тэрбум дол­ла­рын сан байгуулахад  ядуур­­лын бэрхшээлийг  ним­гэ­лэ­хэд  хүрэлцэх болно.

Эзэн богд Чингис хаан  үгээгүй ядууст туслахын тулд зуун хонь бүрээс нэг зусаг хонь авч сан хөрөнгө байгуулсан гэх түүх бий. Энэ жишгээр дүйцүүлж бодвол жилийн төсвийн  долоон их наяд төгрөгийн орлогоос жил бүр нэг хувиар бодож  70 тэрбум төгрөг суутгана гэхэд ойрын хэдхэн жилд ядуурлаас бүрэн гарах боломж бий.  Үүнтэй холбогдуулан төр засгийн удирдагчдын насны  үүтгэлийн талаар  бас хэдэн үг хэлье. Энэ үг олон хүний дургүйг хүргэнэ ээ. Гэвч аргагүйн эрхэнд хэлэх  цаг нэгэнт болсон  шиг байна.

Насжина гэдэг  төгс төгөлдөрийн  хорвоог  шат дараалан  эзэмших ихээхэн   онцгой эрхэм хувь тавилан  мөн юм. Өндөр насална гэдэг нь чингэхлээр  зохих хэмжээний насыг нь наслахаас өмнө урьдчилан сурах боломжгүй  ховор нандин эрдэмлэг   чанарыг  хүссэн хүсээгүй  эзэмшүүлж  өгдөг хүмүүн хорвоогийн их сургууль    мөн гэмээр байдаг. Энэ их сурууль ямар эрдэм сургадаг сургууль вэ хэмээвэл тухайн хүний дотоод ертөнцийг  цэвэрлэж өгдөг урт хугацааны  хичээл дасгал голлосон сургалттай. Тухайлбал, таван бэрхийг тэвчиж сургадаг хичээл сургууль гэж болох  ажээ. Үүнд  нүглийг тэвчих, шунал тачаалыг тэвчих, хармын сэтгэлийг  тэвчих,  залхуурлыг тэвчих,   уурын мунхагийг   тэвчих  ухааны угшилтай болгодог юм байна. Бас гурван нүүдлийн цаадахыг харах  оюуны мэлмийг  суулгаж өгдөг юм байна. Үүнийг манай ард түмэн давхар ухаан суух хэмээдэг. Эвгүйхэн  хандвал ээдэж  мэдэх эмзэгхэн  цагаан  сэтгэлийг  зүрхэн  тус газарт нь суулгаж өгдөг юм байна.Энэ бүхнийг  олж харъя гэвээс өөр өөрийн настан буурал ээж аав, өвөө эмээ нарыгаа сайн ажиглаваас  аяндаа нүдний тань өмнө утга   уянгын кино мэт тодроод л ирнэ. Насны их сургууль гэдгийн наад захын төрх байдал миний ойлгож байгаагаар  нэг иймэрхүү юм.

Залуу явахад настан буурлууд нэг их итгэмтгий, уян зөөлөн сэтгэлтэй, юу байдгаа бусдад өгөх гэж өврөө тэмтэрсэн,  хөл нь сайнгүй ч хүний  урдаас ажилд  гүйж, чадал мөхөсдсөн ч чадахсан гэж чарайтал зүтгэж,  хүүхэд  шиг гэнэн цагаан  сэтгэл гаргаж харагддаг нь  чухамдаа бол тэдний  оюун санааны цэвэршилт байсан байна.Үүнийг нь бид муйнаг зөнөг нь залгаж байна хэмээн  андуурч дооглонгуй явсныг минь тэр үеийн хүмүүс анзаарсан байх бий гэхээс  одоо ч зовж байна.

Манайд төр түмнийг удирдан жолоодоход идэр залуу насны эрч хүч, эр зориг, эрдэм мэдлэг эрхэм чухал нь үнэн. Гэхдээ зайлшгүй зориглох, залуурхах, бярдах шаардлагатай  болсон цаг үедээ л тийм байдаг. Наполеон Бонапарт хэрэв энгийн цагт  төрсөн бол  жирийн нэг генерал байхаас хэтрэхгүй байсан биз. Тэгвэл түүнийг дэлхий дахин мэдэхгүй л өнгөрөх байсан гэж Энэтхэгийн соён гэгээрүүлэгч их удирдагч Ж.Неру гуай хэлсэн гэдэг.

Түүнээс гадна алсалж харах давхар  ухаан, амссан бэрхшээл зовлонгийн сургамж, алдар хүндийн нөлөө, гэгээрч ариуссан сэтгэлийн хаялга гэж өөр зүйлээр орлуулж үл болох нэг айхтар сүрхий юм дутагдсанаас болоод ядуурлыг  газар авахуулсан шиг байна. Би тарваганы эх орон болсон нутагт төрж өссөн болохоор зарим  юмыг тарваганы амьдралд хэлбэршүүлэн зүйрлэхэд сонин  байдаг.Тарвагыг насных нь талаас мөндөл, хотил, шар хацар, бурхи, бүр хаширыг нь  буурал амт бурхи  гэдэгсэн. Хүний хорь хүртэл насыг мөндөл, дөч хүртэлхийг хотил,  жар хүртэлхийг шар хацар гэвэл  жар, түүнээс  дээшхи нь бурхи нас болж харагдана.  Ингэж харвал буурал амтай бурхин насны  гурван өтгөс   өнгөрсөн зууны дундуур энэ хорвоогийн  хүмүүн төрөлхтнийг их аюулаас аварсан гэгээн түүх байдаг юм. Энэ цагийн манайхны ойлголтоор бол хотын нийтийн тээврийн автобусанд үнэгүй суугаад үүрэглэж явбал  зохих насны гурван буурал  өвөө бүх хүн төрөлхтнийг фашизмын хүрэн тахлаас аврах тэмцлийг удирдаж  чадсан мартамгүй нэгэн  түүх байдгийг ингэж зүйрлэмээр байна. Тэрхүү буурал амтай бурхин насны  гурав бол 66-тай Иосиф Сталин, 71-тэй Унистон Черчиль, 63-тай Франклин Рузвельт нар байсан. Хэрэвхүйеэ тэд нартай зүйрлэж болох давхар ухаан суусан  холч мэргэн удирдагчтай байсансан бол Монголын эгэл түмэн ингэтлээ ядуурч, өнөөгийнх шигээ  яадгаа алдахгүй байсан. Үнэхээр тийм байсансан бол  манай ардчилал ингэж хулгайч нохойн замаар орохгүй байсан.

Ер үнэнийг хэлэхэд манай ардчиллын тоглоомын дүрэм болсон Шинэ үндсэн хууль бол өө сэвгүй сайн хууль. Мөнөөх дордуулсан долоон өөрчлөлтийг эс тооцвол шүү дээ. Ганцхан тэр хуулийн хүрээнд төр, засгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг  дарга, сайд нарын албанд оноож, сонгосон хүмүүсийн зарим нь даанч таарч тохирохгүй хулгайч, урвагч байсан шиг  байна. Гэхдээ тэд дураараа тэнд очоод суучихаагүй болохоор дан ганц өөрсдийнх нь буруу гэж юу байх билээ.

Тэд төрийн хүний байх  хэмжээнд бус өөрийнхөө байгаа хэмжээнд л байж. Чононд хонь хадгалуулсан бол идэж л таарна. Ингэж бодохоор очиж очиж тиймэрхүү нөхдийг  олж сонгосон сонгогч олон түмэн  л буруутай болж таараад байгаа юм. Засгийн эрхэнд гарах үедээ  Адольф Гитлер дөчин дөрөвтэй  биш ядаж 60-тай байсансан бол дэлхийн дайн дэгдээж,  60-70 сая хүний амь амьдрал дайнд сүйдэхгүй байж болох байсан гэдэг яриа байдаг  юм билээ. Энэ бүхэн бол заавал эргэцүүлж бодох ёстой асуудал.

Улс төр хэмээх адайр ертөнцөд хэт хөгшдөх залуудахын аль аль нь осолтой.  Яг махчлан жиших нь алдаа мадагтай байж таарна. Гэвч  хоёр зууны заагийг дамнасан түүхэн чухал эргэлтийн үед манай төр засгийн удирдагчдын заримын нас хэт балчирдсанаас болж шуналтны   мэхэнд автаж, ядуурлыг гараасаа  алдах үүд хаалга нээсэн шиг байгаа юм. Насны их сургуулийн босгоор  алхан ороход  ямар ч атугай  ач зээгийнхээ сэвлэг даахийг үнэрлэж  байж л тэрхүү нэр төртэй ариун дагшин  босгоор давдаг аж. Ингэж  нэг ухаарвал  мөнөөх  жар  хүрсэн байхыг шаарддаг бурхин нас маань тавийн босго  орчим доошоо буугаад ирнэ. Товчхондоо  ач зээ гэдэг маань тэгэхлээр өвөө эмээ нарынхаа зүрх сэтгэлийг таван муу муухайн балчгаас  цэвэрлэн   аравнайлж өгдөг  нэгэн төрлийн амьд  бурхад  мөн  байдаг юм.

Энэ хэмжүүрээр харахад өнөөдрийн манай төрийн түшээд   ялангуяа энэ удаагийн Засгийн газар, эрх барьж бүхий Ардын намын  удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн  нь ядуурлыг тэглэхэд   насжилтын талаасаа  боломжтой гэж харагдаж байна.  Манай шинэ Ерөнхийлөгч бас  энэ л насны хүн.  Тиймээс тэр хүн  ядуурлыг тэглэх асуудал руу  Үндэсний аюул­гүй байдлын зөвлө­лийг чиглүүлэх саналтай байх шиг байна. Монго­лын нэг сая хүний амь амьд­ралыг нэгэнт  тулгараад  байгаа  цаг бусын  мөхөл сүйр­лээс аврах нь  одоогийн толгойны өвчин болсон гэлцдэг мөнөөх Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь  гэгчийг бодвол харьцуулах аргагүй чухал агаад хойш­луулах хугацаагүй болсон асуудал мөн байна аа.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?