МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019-02-05  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Даага далантай, бяруу булчинтай, сүрэг мал онд мэнд, тарган тавтай сайхан оров уу?

Амар байна уу? Хотол олноороо “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилээ үдэж, угтаж буй “Шарагчин” гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Тусгаар улсаа сэргээн мандуулсан цагаагчин гахай жилээс энэ шарагчин гахай жилийг хүртэл гурван жаран дамнуулан улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн ахмад үеэ хүндэтгэж, настан буурлуудынхаа амрыг эрэн мэндчилье!

Ижил мөрний чанадаас Их цагаан хэрмийг хүртэлх өргөн уудам нутагт Монгол хэлтэн, монгол соёлтон, монгол ёстон хотол олон “Монголын цагаан сар”-ыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Цагаан сар бол удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, түүх уламжлалаа эрхэмлэх, эв эеийг дээдлэх, байгаль дэлхийгээ шүтэн зохицолдох гүн утга агуулсан, Монгол түмэн өнөд оршихуйн бэлгэдэл болсон Монгол туургатны их баяр ёслол юм.

Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна. Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая!

Золгон буй урвуулагч хэмээх шарагчин гахай жилдээ Монголчууд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг Төрийн тэргүүн миний бие түмэн олон Та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

Мөнх тэнгэр Монгол төрийг өнөд ивээж, Монгол түмнийг ашид тэтгэх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?