КОНГО УЛСАД ЭБОЛА ВИРУСИЙН ШИНЭ ТАХАЛ ДЭГДЭЭД БАЙНА

2020-06-02  

Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд нутагт Эбола вирусийн шинэ тахал дэгдсэн тухай Даваа гарагт мэдээлжээ.

 

 

Төв Африкийн энэ улсад 11 дэх удаагаа Эбола тахал дэгдэж байгаа нь энэ юм. Өмнөх 10 дахь тахал нь Конгын зүүн хязгаарт хоёр жил үргэлжилж, одоо л төгсөх шатандаа орж байна. Баруун хойд бүсийн Мбандака хотод дэгдсэн шинэ тахал одоогоор дөрвөн хүний амийг аваад байгааг Конгын эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээлсэн байна. Мбанданка хот нь Конго мөрний усан замын гол зангилаа болдог бөгөөд нэг сая гаруй хүн амтай.

2018 оны таваас долдугаар сард тус хотод Эболагийн тахал дэгдэх үеэр 33 хүн нас барж, 21 нь эдгэрч байжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тахалтай тэмцэхэд нь туслахаар мэргэжлийн багийг Конго руу илгээхээр болсон байна. Конгын зүүн нутагт 2018 оны наймдугаар сард дэгдсэн тахалд 2,280 хүн нас бараад байгаа юм.

Тус улсын эрх баригчид зургаадугаар сарын 25-ны өдөр тахлын энэ дэгдэлт дууссаныг зарлахаар төлөвлөж байна.

Сүүлийн 42 өдрийн турш ганц ч халдварын тохиолдол илрээгүй бол тахал албан ёсоор зогссонд тооцдог. Өмнө нь дээрх хугацаа дуусахад ердөө гурван өдөр дутуу байхад дөрөвдүгээр сарын 10-нд халдварын шинэ тохиолдол илэрч байжээ.

Тэр үеэс хойш дөрвөн хүн нас барж, хоёр хүн эдгэрээд байгаа ба тахлын дуусах хугацааг тавдугаар сарын 14-нөөс дахин тоолж эхэлсэн юм.

Конгын зүүн нутагт дэгдсэн энэ тахал түүхэнд хоёрт орох хамгийн их хөнөөлтэй тахал ажээ. 2014 онд Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад голдуу дэгдсэн Эболагийн тахалд 11,000 орчим хүн нас барсан нь хамгийн их хөнөөлтэй дэгдэлтэд тоооцогддог.

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд халдварын 90 хүртэл хувь нь үхэлд хүргэдэг юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс бас коронавирусийн тахалд нэрвэгдээд байгаа. Нийт 3,195 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 72 нь нас баржээ. Халдварын дийлэнх буюу 2,896 тохиолдол нь нийслэл Киншасад илэрсэн байна.

Үүнээс гадна тус улсад өнгөрсөн оны эхнээс улаан бурхан өвчний халдвар тарж, нийтдээ 6,000 гаруй хүнийг үхүүлээд байгаа юм. 

            А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?