Рой Рэймонд хэмээх залуу өөрийн эхнэртээ дотуур хувцас бэлэглэхийг хүсээд их дэлгүүрийн дотуур хувцасны тасагт ороод түүнд худалдагчид өөрийг нь шоолоод байгаа ч юм шиг эвгүй мэдрэмж төржээ . Түүгээр ч барахгүй дэлгүүрт байсан дотуур хувцасуудын загвар болоод материал түүний сэтгэлд огт нийцээгүй байна.
Рой бол Стандфордийн их сургуулийг төгссөн, шинийг эрэлхийлэгч дайчин нэгэн байсан тул түүнд эрэгтэй хүмүүс үйлчлүүлэхдээ тав тухтай байж болох нээлттэй, уриалгахан бөгөөд яг л эхнэртээ авахыг хүссэн тэр чамин загварын дотуур хувцастай дэлгүүрийг бүтээхийг хүсэв. Тиймээс тэрээр 8 жилийн турш дотуур хувцасны дэлгүүрт ажиллаж хангалттай туршлага хуримтлуулан өөрийгөө бэлтгэж дараагаар өөрийн эцэг эхээс 40,000 доллар, банкнаас 40,000 доллар зээлэн нийт 80,000 долларын хөрөнгөтэй өөрийн бизнесийг эхлүүлжээ.
Рой анхны дэлгүүрээ Калифорны “Стандфорд” худалдааны дэлгүүрт нээсэн бөгөөд дэлгүүрээ алдарт Викториа хатны нэрээр нэрлэсэн билээ. Дэлгүүрийн дотоод тохижилтоос авхуулаад нэр нь хүртэл үйлчлүүлэгчийн анхаарлыг дээд зэргээр татаж эхний жилдээ л гэхэд 500,000 долларын ашгийг олжээ. 1980аас 1982 оны үед тэрээр Сан Франциско хотод дэлгүүрийнхээ 2,3,4 дэх салбарыг тус тус нээж дараагар тухайн жилдээ төв дэлгүүрийн байршилаа илүү томсгож “Westin St. Francis” барилга уруу шилжүүлжээ. Дараагаар Рой дотуур хувцасны каталогийг хийж жилдээ 8 каталоги гаргадаг болсан бөгөөд Каталоги бүтээгдэхүүний тэн хагасыг борлуулж 7 сая ам долларын ашгийг компанид авчирчээ. Түүний бизнес цэцэглэн хөгжсөөр нэгэнт өөрийн анхны зорилгоо биелүүлсэн Рой-ийн сэтгэл ханаж өөрийн бүх дэлгүүрүүдээ, каталогийн хамт Лэсли Векснэрт 1 сая доллараар заржээ. Лесли бол ухаалаг болоод дайчин эмэгтэй байв. Түүний бизнесийг харах өнцөг Рой-ийхоос тэс ондоо байсан бөгөөд АНУ-аар хязгаарлагдаж байсан бизнесийн хүрээг тэлэх том зорилгийг урдаа тавив.
Ингээд Викториа секрет өөр нэгний төлөвлөгөөгөөр үйл ажиллагаагаа явуулж эхлэлээ.
Леслий Рой-ийн хараагүй эрсдлийг олж харч чадсан нь зах зээлд нийлүүлэгдэж буй илүү хямд үнэтэй дотуур хувцасны брендүүд байв. Энэ байдлаар үргэлжилбэл бизнес нь зах зээлээс шахагдана гэдгийг ойлгосон Лесли илүү шинэ хүчирхэг төлөвлөгөөг боловсруулж эхлэв. Тэрээр дэлгүүрийн тохижилт, загвар гээд бүх зүйлийн шинэчилэн загварчилж эрэгтэйчүүдийн тав тухаас илүүтэй жинхэнэ Европ хэв маягийг бүрдүүлэхээр анхаарч ажиллав. Гэтэл түүний толгой дээр нэгэн гайхалтай шинэ санааны алим буун ирсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан том амжилтыг түүнд дагуулсан юм.
Тэр санаа нь дотуур хувцасны загварын шоуг зохион байгуулах байв. Бүгд л сайхан дотуур хувцас өмссөн үзэсгэлэнтэй эмэгтэйг харах дуртай байдаг шүү дээ,, хэмээн бодов.
Лесли эхний шоугаа хийх газар хайн хэд хэдэн газарт санал тавьсан бөгөөд Нью Иорк хотод байрлах Плаза зочид буудал саналыг нааштай хүлээн авч хамгийн эхний Викториа секрет загварын шоу 1995 онд Плаза зочид буудалд зохион байгуулагджээ. Шоунд оролцуулах моделоо хайж байхдаа Лесли “Ингэж яах гэж байгаа юм?, Ийм шоу хийж яах юм бэ? Би яг ямар харагдахаа сайн мэдэгүй байна,,” гэх хариултыг олон сонссон хэдий ч гурван гайхалтай бүсгүйг олж чадсан юм.
Ийнхүү эхний шоунд Стефани Семор, Вероника Вебб, Беверли Пийл гэх загвар өмсөгчид оролцсон бөгөөд тэд дотуур хувцас, гар цүнх, жижиг унтлагийн даашинз өмсөн тайзан дээр алхжээ. Тухай загварын шоу нь шоу гэхээсээ илүү жижиг үдэшлэг шиг байсан гэхэд хилсдэхгүй. Зочдын тоо ердөө зуу гаран байсан ба ойрын ба холын зайны хоёр камер л байршуулсан байсан нь үүнийг батлах байх. Лесли эхний загварын шоундаа тийм ч сэтгэл хангалуун байсангүй. Гэтэл маргааш өглөө нь бүх телевизийн сувгаар “Викториа секретийн загварын шоу” хэмээн шуугиж эхэлжээ. Хамгийн нэртэй мэдээний сувгаар ч хүртэл “Энэ зууны анхны дотуур хувцасны загварын шоу өчигдөр орой болоо” хэмээн цацагдсан нь Леслид ахиад нэгийг хийе гэсэн итгэлийг төрүүлэв.
Дараагийн удаа тэд илүү урам зоригтой, илүү их хөрөнгө зарцуулан 1996 онд Плаза зочид буудалд шоугаа ахин зохион байгуулав. Энэ удаа шоу илүү тод гэрэлтүүлэгтэй илүү олон загвар өмсөгчтэй мөн хамгийн гол нь урьд өмнө хэний ч
хийж байгаагүй, хэний ч зүүж байгаагүй “Үлгэрийн” хэмээн тодотгосон дүүрэн шигтгээгээр бүрсэн хөхний даруулгаа тайзан дээр гаргажээ. Үүний дараа дэлхий ахин Виктория Секретийн шоуны талаар ам хуурайгүй ярьцгааж эхэллээ.
Лесли дараа дараачийн шоу бүртээ өөрийгөө чадварлаг шинийг сэтгэгч болохоо батлан харуулсаар л байлаа. 1997 онд анхны өнгөт арьстан загвар өмсөгч Таяра Банкс Виктори Секретийн тайзан дээр алхаж ахиад л үзэгч олныг гайхшруулж чадсан бол 1998 оны шоу нь дээр загвар өмсөгчид бүгд өөрийн гэсэн өвөрмөц далавчуудыг зүүж, гялалзсан шигтгээтэй дотуур хувцасаараа үзэгчдийн нүдийг хужирлан анх удаа сахиусан тэнгэрүүд тайзнаа гарч ирсэн билээ. Тэднийг харсан хүмүүс үнэхээр л сахиусан тэнгэр гэж ийм л байдаг байхдаа хэмээн шагширцгааж байв.
Өөрсдийн дүр төрхөө олсон Виктория секретийн тайз улам улам өргөжсөөр дотуур хувцас гол дүр байхаа больж ердөө л үзүүлбэрийн нэг хэсэг болсон байв. 2000 оны босгон дээр шоуны тасалбарын 14,000 долларын үнэ хүрч нийгмийн зарим хэсгийн уур бухимдлыг хүргээд авсан ч худалдаанд гарсан даруй гэрлийн хурдаар зарагдаж дууссан гэдэг. Компаний ашиг тэрбум элбэг давж тэр хирээр загварын шоу ч улам нөсөр хэмжээтэй болох болов. Сахиусан тэнгэрүүдийн далавч анхныхаасаа даруй гурав дахин томорч, дотуур хувцас ч алдарт “Swarovski” брэндийн алмазаар урлагдах болов. 2001 оноос шоуг телевизийн сувгаар шууд дамжуулах болжээ. Харин 2006 онд Шоуны 25 жилийн ойд зориулан хийсэн томоохон тоглолт болж тухайн тоглолтон дээр Жастин Тимберлэк тухайн үед хит болж байсан өөрийн “Sexy back” гэдэг дуугаа дуулсан билээ. Тэр цагаас хойш Викториа Секретийн тайзнаа Спаяс Гиорлс, Кэти Пэрри, Кэени Вэст, Таялор Свифт, Ариана Гранд, Жастин Биебэр гэх мэт олон олон алдартай дуучид тоглолтоо хийсэн юм.
Ийнхүү Викториа секрет компани амжилтын оргилд хүрч дэлхийн аль хэсэгт ч очсон мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй болсон юм. Өөрийн хурц ягаан имиж, дахин давтагдашгүй загвар тэр дундаа олон охдын шүтээн болсон сахиусан тэнгрүүдээрээ алдартай энэхүү компаны амжилтын түүх бол яахын аргагүй Энэ зууны анхны дотуур хувцасны загварын шоу байсан юм. Том зүйл эхлүүлэхийн тулд хамгийн байж боломгүй, хүний санаанд оромгүй тийм галзуу санаа хэрэгтэй байдгийг Виктория секретийн амжилтын түүх бидэнд сануулах шиг.