Нүүр   /  

Р.ДАГВА: 2020 ОНД 2052 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛНА

2020-09-18  

НИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаанаа 42 удаа хуралдуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. 2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан Нийслэлийн ИТХ нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажилласан юм. Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох утааг багасгах бодлого, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад учирч байсан саад бэрхшээл хийгээд шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, хангамжийн бүхий л асуудлыг бид удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нуруун дээрээ үүрч гарсан. Үүний үр дүнд агаарын бохирдлыг 50 гаруй хувиар буурууллаа. Хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нээн үг хэллээ. Тэрбээр "2019 онд Налайх, Сонсголонгийн зам, Олимпын шинэ гүүрний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн нь нийслэлийн өнөө болон ирээдүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болсон билээ. Нийслэлийн иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх хийгээд эрүүл мэнд, боловсролын салбарт мөн жинтэй бүтээн байгуулалт хийсэн юм. Тухайлбал, Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотод 77 цэцэрлэг, 33 сургууль, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж ашиглалтад орууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эмнэлгийн долоон барилга шинээр ашиглалтад оруулж, Өрхийн эрүүл мэндийн 112 төвд их засвар хийжээ. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвийг хангаж, нийт 48 тусгай зориулалтын автомашинаар парк шинэчлэлт хийсэн байна. Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталсан. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан байна" гэв. 2016-2019 онд 514 айлын газрыг чөлөөлж, энэ хүрээнд 6613 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Эдгээрээс гадна Нийслэлийн ИТХ-аас иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичгүүдийг баталлаа. “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” болон орон сууцны төслийн 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулахаар баталсан юм. Өнөөдрийн байдлаар энэхүү бодлогын баримт бичгүүдийн дагуу Буянт-Ухаа болон бусад байршилд орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талт гэрээний үндсэн дээр 2016-2019 онд 514 айлын газрыг чөлөөлж, энэ хүрээнд 6613 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дээрх ажлын хүрээнд Улс, Нийслэлийн төсвөөс нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан байна. 2020 онд энэхүү төслийн хүрээнд 2052 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон зохисгүй төвлөрлийг сааруулж, нийгмийн болон хотын үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлагатай. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийт есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын бүсэд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?