Намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна. Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд гэмт хэрэгтнүүдийг хамгаалж, энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөг хөлийн уландаа гишгэж байна.
Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу Ц.Батболдын гар хөл болж өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, манай компанийг дээрэмдсэн хөрөнгөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний обьект авчихсан шүүгч өнөөдөр сууж байна. Жирийн иргэнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад, хонгилын прокурор, шүүгч нараар ял өгүүлээд, тэр хоорондоо миний компанийг дээрэмдэж авч байна. Тэр хэрэг нь илрээд ирэхээр шүүх рүү явуулахгүй байна гэж Буяндорж мэдэгдлээ.
Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боолгуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ? Прокурорууд манай гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Буяндоржийн эхнэр, Монгол улсын гавьяат дуучин Т.Ариунаа нөхрөө өмгөөллөө. Бидний бүтээн байгуулсан, бий болгосон хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ гэж Монгол улсын гавьяат дуучин Т.Ариунаа нөхрөө өмгөөллөө.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нь хуулийн байгууллага таван зүйл ангиар шалгагдаж, 16 удаа шүүх хуралдаанд орж, 409 хоног цагдан хоригдсон байна.