МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ: Нэг сая жуулчин хүлээн авах зорилт

2023-01-05  

Цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож байна.

Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарч эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж ажиллаж байгаа юм.

Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гаргалаа. Улмаар аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгох зорилгоор УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж буй бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж байгаа юм. Аялал жуулчлалын тухай хуулиар тус салбарт хэд, хэдэн чухал зохицуулалтуудыг шийдэх шаардлагатай байгаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг дангаараа бүрдүүлдэг эл салбарын хувьд эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарна хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Энэ хүрээнд Монгол Улс аймгуудаа өөр, өөрийнх нь онцлогт тохируулан аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх зорилт тавиад байна. Тодруулбал, манай улс аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын нөөцдөө тулгуурлан бүсчилж хөгжүүлнэ гэсэн үг. Зүүн бүсэд гэхэд түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх өндөр боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ хүрээнд тухайн бүсүүдэд зочид буудлын хүрэлцээ зэрэг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах шаардлагатай нүүр тулж байгаа. Энэ бүхнийг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлсэн найруулгад тусгаж буйгаараа онцлогтой.

Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээхэд анхаарах юм. Тухайлбал, агаарын тээврийг төрөлжүүлэх хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтыг бий болгох замаар Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Улаангом хотоос ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт 4С зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр тусгаад байна.


Үр өгөөжтэй, эдийн засагт чухал үүрэгтэй, байгаль орчинд хор нөлөөгүй аялал жуулчлалын салбарт цар тахлаас үүдэлтэй бууралт бий болсон ч эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Тус салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр жуулчдын тоо бага байгаа нь гурван шалтгаантай гэж үзжээ. Нэгдүгээрт, гадагш чиглэсэн маркетинг нэгдсэн бодлогоор хангах, нисэхийн либеральчлалыг яаралтай хийх, олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээний стандартыг бий болгох нь чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс Монгол Улс 2023-2025 онд жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байна.

Цар тахлаас хойш аялагчдын хандлага тэс өөр болж ирсэн. Дэлхий дахинаа аялал жуулчлал хурдацтай хөгжиж, аяллын нэгдсэн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжсэн. Чамгүй хөрөнгө оруулалт, технологийн хөгжүүлэлт шаардсан энэхүү салбарт дотоод, гадаадын аялал жуулчлалд онлайн захиалгын цогц үйлчилгээг нэвтрүүлэхээс эхлээд монголчууд шинэчлэлүүд хийж эхэллээ.

Монголд зочлох жилийн талаар хэн юу хэлэв?

ӨРГӨН АГУУЛГААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРАА ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ:

-Ирэх жилүүдийг аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас өөрчилнө. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх өргөн агуулгаар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилтыг Монгол Улс тавьж байна. Үүний тулд төр, хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг бүх талаар нь дэмжин ажиллана.

МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСАД НЭГДСЭН БОДЛОГООР СУРТАЛЧИЛНА

Соёлын сайд Ч.Номин:

-Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлийн дэд ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан. 2023-2025 онд жуулчдын тоог нэмэх тооцоо судалгааг гаргаад байна. Эл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлсон. “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-ноос “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” хэмээх түлхүүр үгийг гаргалаа. Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран нэг цонхоор, нэг өнгө төрхөөр Монгол Улсыг гадаад орчинд сурталчлан танилцуулна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД АВЧ ҮЗНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэж байгаа. Монгол Улс аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батална. Агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалын цахим шилжилт, аялал жуулчлалын стандартыг боловсруулах, нэгдсэн бодлого-нэг цонхоор Монгол Улсаа таниулан сурталчлах зорилгоор аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос зургаан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Дэд ажлын хэсгээс эхний ээлжинд олон улсад зарлах эвент, арга хэмжээний хуанлийг боловсруулж гаргаад байна.

МОНГОЛ УЛС ГАДААДЫН 36 ОРНЫ ИРГЭДЭД ЦАХИМ ВИЗ ОЛГОЖ БАЙНА

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Монгол Улс нэгдсэн бодлогоор аялал жуулчлалынхаа салбарыг хөгжүүлэхэд анхаарч байна. Аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 36 орны иргэдэд цахим виз олгож байгаа. Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож буй бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?