Говь-Алтай аймгийн Баян–Уул сумын 640 хүүхэдтэй дунд сургууль хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар долоон жил хойшлогдсоны эцэст өнөөдөр ашиглалтанд орлоо.
Сургууль нь орчин үеийн стандартын шаардлага хангасан хичээлийн танхимууд, урлаг заал, спорт заал, иж бүрэн номын сан цайны газартай юм байна. Мөн 12 жилийн сургалттай болсонтой холбоотой 6 настай сурагчид тусдаа хичээллэх ангиудыг төлөвлөж өгсөнөөрөө давуу талтай юм байна.
Нээлтийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд ,сургуулийн үе үеийн төгсөгчид нутаг орны ард иргэд сурагчид оролцлоо.
Энэ үеэр багш нар тус бүрийн хариуцсан анги танхимаа тохижуулж, сургалт заах аргын стандарт хангасан 12 кабинетийн гэрчилгээг гардууллаа.
Түүнчлэн Монгол Улс болон БНХАУ-ын засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд 5000 ам.долларын өртөг бүхий ухаалаг самбарыг сумын сургууль мэдээлэл технологийн кабинетдаа байршуулжээ.
Сургуулийн шинэ байр ашиглалтанд орсоноор харьяалал бүхий сургуулийн насны хүүхдүүд төрөлх сургуульдаа тохилог орчинд суралцах сонирхолтой болж үүнийгээ дагаад хөдөөгөөс төврүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарах давуу талтай болж байна.
А.ЦЭРЭНДУЛАМ