Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл” компани, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц өнөөдөр нээлтээ хийлээ.
Монгол нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөц баялаг дээр тулгуурлан дотоод, гадаадын мэргэжлийн олон байгууллагууд нарны цахилгаан станц байгуулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван ажилласны дүнд Монгол улс анх удаа дэлхийн жишигт нийцсэн нарны станцтай боллоо.
Станцад Японы SHARP корпорацийн өндөр үзүүлэлттэй 32,274 ширхэн нарны зай суурилуулж хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хоу, туршлагыг ашиглаж, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас нийлүүлжээ.
Дарханы нарны цахилгаан станц байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр нарын эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн юм.
А.ЦЭРЭНДУЛАМ