БНСУ-ын Шихэн хотын төлөөлөгчид Орхон аймагт ажиллалаа. Тэд гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлыг Орхон аймагтай хамтран хийхээр тохиролцсон бөгөөд үүний хүрээнд зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж орон сууцны хороолол барих боломжтой газруудтай танилцлаа.
2400 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа 7А хорооллын нийт газрын 40 гаруй хувьд нь Чех Улстай хамтран орон сууц барьж байгаа бөгөөд эхнээсээ ашиглалтад ороод байна.
Үлдсэн хэсэгт нь БНСУ-ын Шихэн хоттой хамтран орон сууцны хороолол барих боломжтой. Мөн журмын хашаа буюу “Танил” техникийн зах орчмын 55х60 метр талбай, “Эрдэнэт хивс” компанийн замын эсрэг талын 5 га газар болон Цэнгэлдэх хүрээлэн орчмын тодорхой хэсэгт орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа ГХБХБГ-ын дарга Г.Цолмон илэрхийлсэн.
Тус хотын төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзсан юм. Тэрээр хамтран ажиллахдаа Монгол Улсын хууль, тогтоомжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэйг онцлон хэллээ. БНСУ-ын Шихэн хотын төлөөлөгчид эх орондоо очоод дээр дурдсан газруудтай холбоотой бүх талын судалгааг хийх юм байна. Шихэн хотын төлөөлөгчид эл мэдээлэлтэй танилцсаны дараа эргэн холбогдож хариу өгөхөө мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.
А.ЦЭРЭНДУЛАМ