Нүүр   /  

ХУУЛЬ ЯАХ ВЭ, ХУЛГАЙН МӨНГИЙГ ЯАЖ НОТЛОХ ВЭ

2017-01-26  

Анхны хэлэлцүүлгээр бүдэрсэн оффшор дансыг хориглох хуулийн төслийг дахиуллаа. Ганц хуудас хуу­лийн төсөл барьж орж ирлээ хэмээн банга хүр­тэж байсан Ажлын хэс­гийнхэн энэ удаад илүү чам­бай­руулж оруулж ирсэн нь лавтай. Байнгын хорооны хуралдаанаар оруу­лахаасаа өмнө мэргэж­лийн хүмүүсийн дунд ч хэлэлцүүлэв. Ажлын хэс­гийг ахалж байгаа Х.Ням­баатар гишүүний хэлснээр бол тусгай багаар судалгаа хийлгэсэн, гишүүдийг тал­цуу­лаад байгаа гэр бүлийн­хэнтэй холбоотой асуудлыг нэг талд нь гаргах зэрэг цөөнгүй засвар хийсэн болол­той.

Оффшор данс буюу олон нийт, улстөрийн хүрээнийхний тодорхойлсноор хулгайн мөнгийг олж, түүнд хариуцлага хүлээлгэх явдал хуулийн амин сүнс гэж хэлж болно. Гэтэл мэргэжлийн хүмүүсийг байлцуулсан хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлнө гэнэ. Гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ” гэж асуусан нь олны анхаарал татав. Нээрэн л Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс зарласнаас өөрөөр оффшор данстай эрхмүүдээ ямар аргаар мэдэх боломжтой бол.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц бусад хууль эрхзүйн үндэслэлээр   манай улсын иргэн харь оронд мөнгө хадгалсан эсэхийг мэдэж, хариуцлага тооцох асуудал бүрхэг гэнэ. Эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд бусад улс орон руу мэдээлэл авах хүсэлт явуулдаг ч ихэнх нь биелэгддэггүй аж. Тэр тусмаа манай улсын тийм иргэн танай улсад данс эзэмшиж байна уу гэсэн хүсэлт явуулаад мэдээллээ авах боломж хомс байдгийг мэргэжлийн хүмүүс ярив. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд манай улсын иргэн гадаадад данс эзэмшиж байгааг  олж мэдэж чадахгүй. Манай улсын ийм албан тушаалтай хүн танай улсад данс эзэмшиж байна уу гэсэн хүсэлт явуулах боломжгүй. Нэгдүгээрт, тухайн хүн дээр эрүүгийн хэрэг үүсээгүй бол Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүсэлт явуулж болохгүй. Хоёрдугаарт, данс эзэмшиж байна гэж асуувал, ерөнхий асуулт байна. Хаанахын аль банкинд ямар данс эзэмшиж байна гэсэн хариулт аваад буцна. Гуравдугаарт, танай улсад данс эзэмшиж байна уу гэдэг мэдээллээ ч олж авч чадахгүй. Чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүлзүйн журмаар аль нэг албан тушаалтан гадаад улсад данс эзэмшдэг тухай мэдээлэл олж авлаа гэхэд оффшор болон эрүүгийн хуулиар алинаар нь ч эрүүгийн хэрэг үүсэхгүй. Тэгэхээр даалгавар хүсэлт авахгүй” гэсэн юм.

Тиймээс оффшор данс, гэр бүлийн гишүүдийг гадаадад данс эзэмшихийг хориглоно гэж маргалдахын оронд хилийн чанадад аваачаад нуучихсан хулгайн мөнгийг яаж нотлох вэ гэдэг асуудлын цөм нь аж. Оффшорыг хориглох хуулийн төсөлд хулгайн мөнгийг яаж ямар замаар илрүүлж нотлох зэрэг нарийвчилсан  зохицуулалт хийж өгөх шаардлагатай гэнэ. Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн “Монгол Улстай эрхзүйн талаар харилцан туслалцсан орнууд гэрээний дагуу  мэдээлэл гаргаж өгнө” хэмээн хэтэрхий амар хялбар зүйл ярьж байна хэмээн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч  шүүмжилж байсан. Хууль батлахаар зүтгүүлэх нэг хэрэг, харин бодит амьдралд хэрхэн буух нь өөр хэрэг. Тиймээс оффшорыг хориглосон гэгдээд байгаа хуулиар  нэгийгээ хааж боох гэсэн улстөрийн амбийц, ашиг сонирхлоо хойш нь тавьж тал бүрийн харилцааг зохицуулсан “бүтэн” хууль гаргах учиртайг олон нийт, мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Товчхондоо бол хуулийн байгууллагад учрах хүндрэлийг бодож үзээсэй гэж буй юм.

Г.Эрдэнэбат :

 МАНАЙ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ДАНС ЭЗЭМШИЖ БАЙГААГ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ

Оффшор дансанд байршуулсан хөрөнгийг хэрхэн нотлох талаар Улсын ерөнхий прокурорын 

орлогч Г.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенциудаар нуугдсан хөрөнгөтэй холбоотой ямар зүйлийг 

зохицуулдаг вэ?

-Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хоёр конвенц бий. 2005 онд соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, 2003 онд нэгдсэн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенци түүний нэмэлт протоколууд. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцид хөрөнгө авах тухай хүсэлт гаргасан бол дотоодын хууль тогтоомжид заасны дагуу эргүүлэн өгөх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Авлигын эсрэг конвенци  хөрөнгө орлогыг хууль ёсны өмчлөгчид нь эргүүлэн өгөх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай. Хөрөнгийг аль улс эхлээд илрүүлж шийдвэрлэнэ тэр улсын  дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхтэй. Олон улсын түвшинд ийм байдал үүсэхэд манай улсын хувьд Эрүүгийн байцаах шийтгэх хуульд Эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсаас гадаад улс руу хүсэлт даалгаврыг явуулдаг. Мөн ирүүлсэн хүсэлтийг ч биелүүлдэг.

Гадаадад байгаа хөрөнгийг битүүмжлэх, шилжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулдагвэ?

- Хөрөнгө хурааж авах хүсэлт гаргаж шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлүүлэх эрхзүйн орчин хангалттай бус. Монгол Улсаас гадаад улсад байгаа хөрөнгийг битүүмжилж, хурааж өгөөч гэсэн хүсэлт явуулъя гэхэд хуулийн зохицуулалт байхгүй. 2015 онд найман улс руу эрхзүйн туслалцааны хүсэлт явуулсан, 2016 онд 20 орон руу явуулахад ихэнх нь хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан. 20 хүсэлтээс есийнх нь хариу татгалзсан байдлаар ирсэн. Хоёр хүсэлт биелэгдсэн, үлдсэнд нь хариу ирээгүй.

Ямар шалтгааны улмаас татгалзсан хариу ирээд байна вэ. Гадаадад данс эзэмшиж байгаа хүний 

хөрөнгийг хуулийн хүрээнд мэдэж болох уу?

-Орчуулга найруулга, холбогдох байгууллагаар явуулаагүй, хоёр улсын стандарт нийцэхгүй зэрэг хариу ирдэг. Түүнээс гадна гадаад улсын аль нэг банкинд данс эзэмшиж байгаа мэдээллийг хүсэхэд ямар банкны ямар дансанд тэр хөрөнгө чинь байгааг шалгуулах юм. Танай улсын банкинд мөнгө байгаа эсэхийг тогтоогоод өгөөч гэхээр өөдөөс аль банкны ямар дансанд байгаа мөнгийг асууж байна вэ гэнэ. Манай улсад ч бас ийм хүсэлт ирэхэд тодорхой болго гээд буцаадаг. Энэ бол олон улсын түвшинд байгаа тулгамдсан асуудал. Хэрэгт ямар ач холбогдолтой юм. Хийж байгаа ажиллагаанд танай хүсээд байгаа баримт сэлт ямар холбоо, хамааралтай. Манайхаас хүсч байгаа баримт хэргийг нотлоход ямар учир холбогдолтой юм бэ. Ямар хэмжээний мэдээлэл хүсч буйгаа нарийвчилж ирүүл гэсэн хариу өгч байна.

 

-Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүрээнд хийгдэж байгаа ажил олон улсын эрхзүйн зохицуулалтын хүрсэн түвшин манай улсын эрхзүйн орчны хүрсэн түвшин бидэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хангалттай бус. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол бид эд зүйл нотлох баримтыг авч өгөөч гэж хүсэх хэмжээнд байна. Эрхзүйн туслалцаа үзүүлэх хэмжээнд бие биенээсээ хүсэх зүйл маань тэр хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээ мэдээллийг авах тухай огт байхгүй. Хуул сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд харилцан мэдээлэл солилцож дараагийн эрхзүйн туслалцаа хүсэхдээ ашиглаж болох мэдээллээ урьдчилж авах механизм тогтоогүй. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүрээнд хөрөнгө эргүүлэн авах, шилжүүлэхтэй холбоотой үр дүнтэй механизмтай больё гэвэл эрүүгийн хэрэгт мэдээлэл солилцох эрхзүйн механизмуудыг илүү оновчтой ашиглаж эрхзүйн туслалцаанаас өмнө мэдээлэл авах арга хэрэгсэлтэй болох шаардлагатай байгаа юм. Арга хэрэгсэлтэй болж чадахгүй бол оффшорыг хориглох гэж яриад байгаа асуудал хэрэгжихэд ч их төвөгтэй.Гадаад улсад данс эзэмшиж байгааг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл хулгайн мөнгөтэйг тогтоох процессыг нарийвчилж, нотолж байж төрийн албанаас чөлөөлнө байх. Дам сургаар тийм шийдвэр гарахгүй байх. Гадаад улсад данс эзэмшиж байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгах үндэслэл үүсэхгүй. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд манай улсын иргэн гадаадад данс эзэмшиж байгааг  олж мэдэж чадахгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гадаадад данс эзэмшиж байгааг нь тогтоогоод хариуцлага хүлээлгэчихдэг юм бол үүнтэй нь холбогдуулан мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг шалгах, эсвэл гадаад улсад данс эзэмшдэг гэх мэдээллийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгах арга зам байна. Одоогоор аль аль нь нээгдэх боломж дотоодын хууль тогтоомжоор бүрдээгүй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?