Төрөөс баримталж байгаа цус цусан бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж, аюулгүй байдлын талаарх бодлого чиглэл нь улс үндэстний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж үзэн төрийн бодлогоор зохицуулагдаж байна. Үүний нэг жишээ нь Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон 21 аймгийн 26 cалбар төвд цусны шинэ тоног төхөөрөмж, барилгын засварын ажил хийгдэж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж байна.
Ийнхүү Баянхонгор аймагт “Цусны салбар төв” үүд хаалга нээж, нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ гишүүн Г.Зандаршатар, Л.Элдэв-Очир, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн дарга, эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ "Орон нутагтаа аюулгүй бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний цусаар тогтвортой хангах үйл ажиллагааны гол үндэс бол сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, төслийн хүрээнд ханган нийлүүлсэн мэдээлэл технологийн шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг бүрэн ашиглах, Цус цусан бүтээгдэхүүн аюулгүй, найдвартай, зохистой, хэрэглээг төлөвшүүлэхэд энэ цусны салбар төв маш чухал" гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд цус сэлбэлт үндэсний төвд 8.7 тэрбум төгрөг бүхий 145 нэр төрлийн 860 эмнэлгийн бус тоног төхөөрөмж, 21 аймгийн 3 сум, 2 дүүргийн цусны салбар төвд 10.8 тэрбум төгрөг 60 нэр төрлийн 1700 гаруй тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Одоогоор 7 төрлийн ЦЦБ үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийг зохих нөхцөлд хадгалан, нөөцийг бүрдүүлснээр ЦЦБ ний үйлдвэрлэл 2015 онтой харьцуулахад 10 хувиар өсч, сийвэнгийн бүтээгдэхүүнийг 2 жил хүртэл хадгалах нөөцтэй болох юм байна. Түүнчлэн ЦЦБ ний тээвэрлэлтийг зохих хэмд зориулалтын дагуу аюулгүй тээвэрлэдэг зориулалтын хөргөгчтэй болсон зэрэг техник, технологийн хэрэгслийг ханган нийлүүлсэн томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Эх сурвалж : ЭМЯ