Энэ сарын 22-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай аймгаас тодорсон Улсын аварга тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа. Энэ онд манай аймгаас Улсын тариаланч хамт олон, аварга малчин, фермер тус бүр нэг тодорсон. Мөн Улсын аварга тариаланчаар манай аймгийн гурван иргэн шалгарсан.
МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатаас “Улсын аварга тариаланч хамт олон”-ы шагналаа гардан авсан “Бүтлийн ундарга” ХХК нь 1996 онд байгуулагдсан. Анх МТЗ-80 маркийн 3 трактор, СК-5 комбайн 1, эргэлтийн 300 га талбайтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө эргэлтийн 2200 га талбайтай жилд 1100-1200 га-д үр тариалж, нийт 23 ажилтантай болтлоо өргөжжээ. Өнгөрсөн онд тус компани 1250 га талбайд улаан буудай тариалж 5033 тн буюу га-аас 40,3 цн ургац хураан авсан амжилт гаргаснаар Улсын аварга тариаланч хамт олон”-ы болзлыг хангасан байна.
Мөн Улсын аварга тариаланчаар “Орхон тариа”ХХК-ний тракторч, комбайнч Л.Отгонбаяр нь газар тариалангийн салбарт 2001 оноос одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн онд 400 га талбайд тариалалт, 1640 га-д уриншийн боловсруулалт, ургамал хамгааллын бодис цацах, 400 га талбайд шууд хураалт хийж 1276 тн буюу га-аас 31,9 цн буудай хураан авсан амжилт гаргаснаар Монгол Улсын аварга тариаланчийн болзлыг хангасан байна.
Эх сурвалж : Erdenet.mn