Нүүр   /  

ЧАНДМАНЬ СУМЫН ЕБС-Д “ФИЗИКИЙН ЛАБОРАТОРИ” БАЙГУУЛЛАА

2017-04-21  

Физик-математикийн ухааны доктор, профессор Уулын овогт Содномдаржаагийн Мягмарсүрэн багшийн нэрэмжит “Физикийн лаборатори”-ийг Ховд их сургууль, С.Мягмарсүрэн агсны хань, үр хүүхэд, ах дүү, Чандмань сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран тохижуулж 2017 оны 04 сарын 17-ны өдөр албан ёсоор нээж тууз хайчиллаа. Физик-математикийн ухааны доктор, профессор Уулын овогт Содномдаржаагийн Мягмарсүрэн агсан нь 1954 онд Ховд аймгийн Чандмань сумын Ац богд уулын Бялзуухайн зусланд төрсөн бөгөөд 11 дүүтэй айлын ууган хүү. 1970 онд Чандмань сумын 8 жилийн сургууль, 1972 онд Ховд хотын 10 жилийн 1 дүгээр сургууль, 1977 онд МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр, 1988 онд Улс төрийн дээд сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр тус тус дүүргэжээ. 1988 онд “Малын гаралтай сонгодог полимер ба полимер системийн физик-механик шинж чанар” сэдвээр физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1999 онд дэд профессор, 2007 онд профессор цол тус тус хүртсэн байна. Тэрээр Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт 34 жил ажилласнаас 26 жил Ховд дахь УБИС, МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, ХИС-ийн Байгалийн ухааны факультетын деканаар ажиллаж байжээ. 

Нэрэмжит лаборатори байгуулах санаачлагыг 2012 онд С.Мягмарсүрэн агсны гэр бүл, ах дүү, шавь нар нь гаргаж байсан бөгөөд сурагчдын ерөнхий боловролоор эзэмшиж буй мэдлэгийг бодит чадвар болгох ажил биелэлээ олж байгааг онцолж байсан юм. Мөн уг лаборатори ангийг хариуцан ажиллах н.Энхболд багшид сурагчдын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг, хариуцлага, итгэл хүлээлгэж буйгаа тэмдэглэж байлаа. 

“Физикийн лаборатори”-ийг тохижуулахад ХИС-аас 51 нэр төрлийн ном сурах бичиг, самбар, багаж тоног төхөөрөмж, үр хүүхэд, ах дүүс нь лед телевизор, проектор, зөөврийн компьютер, үзүүлэн самбар, ханын самбар, wifi цацагч зэрэг 11 төрлийн тоног төхөөрөмж, шавь нар болох Л.Мөнхбат, Ц.Цэрэнгомбо, Н.Энхтөр нар “Электрон жаал” физикийн туршилтын багаж, “Нарны 150 туршилт” физикийн туршилтын багаж, “Цахилгаан соронзон” бодлого бодох аргазүй, Ерөнхий физикийн бодлогын хураамж, “Электроникийн үндэс” лекцийн эмхэтгэл, “Электроникийн үндэс” лабораторийн ажил, Физикийн практикум /цахилгаан соронзон/, Физикийн тестийн эмхэтгэл, Механикийн бодлого бодох аргазүй, Физикийн чанарын бодлого бодох аргазүй зэрэг сурах бичиг, БШТС-ийн шавь нараас нь гурван үйлдэлт өнгөт принтер зэргийг хандивлан Чандмань сумын ЕБС-ийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр  Чандмань сумын ЕБС-ийн 6-8, 9-10, 11-12 дугаар ангийн сурагчдын дунд “Физикийн олимпиад”-ыг  гурван шатлалаар явуулж, нийт 45 сурагч оролцов. 6,7,8-р ангийн сурагчдын дунд явуулсан олимпиадад 24 сурагч оролцсоноос I байрт Чандмань сумын 8а ангийн сурагч Н.Мөнх-Оргил, II байрт 8б ангийн сурагч Б.Даваажаргал, III байрт 8а ангийн сурагч Д.Нямпүрэв, 9,10-р ангийн олимпиадад 9 сурагч оролцсоноос I байрт Чандмань сумын 10а ангийн сурагч М.Гантулга, II байрт 9а ангийн сурагч Т.Энхжин, III байрт 9а ангийн сурагч З.Билгүүнзаяа, 11,12-р ангийн олимпиадад 14 сурагч оролцсоноос I байрт Чандмань сумын 12б ангийн сурагч Д.Мөнх-Очир, II байрт 11б ангийн сурагч М.Буяннэмэх, III байрт 12б ангийн сурагч М.Тунгалаг нар шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. 

Мөн тусгай байр эзэлсэн 11а ангийн сурагч А.Пүрэвжамц, 9а ангийн сурагч Г.Оюунманлай, 8а Ц.Мөнгөнтулга нарт өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр Одон орон, геофизикийн судалгааны төвийн харьяа Газар хөдлөлийг бүртгэх “Ховд” станцын эрхлэгч С.Загдсүрэн шагнаж урамшуулсан юм. ХИС-д элсэх урилгыг Чандмань сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Мөнх-очир, М.Тунгалаг нарт гардуулан өгч, цаашдын сурлага, хөдөлмөр нь өндөр амжилт хүслээ.

Нээлтийн ёслолын ажиллагааны хүрээнд Чандмань сумын сургуулийн багш ажилчид, сурагчдад С.Мягмарсүрэн агсны ажил, амьдралын түүхэн замналын талаарх танилцуулгыг түүний шавь Н.Энхтөр сургуулийн соёлын танхимд хийлээ. Түүнчлэн “ХИС-ийн танилцуулга, хөгжлийн бодлого, цаашдын зорилт”-ын талаар ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр ФИТ-ийн багш, доктор Ц.Цэрэнгомбо, “ХИС-ийн сургалтын хөтөлбөр, орчин нөхцөл, эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой үйл ажиллагааны танилцуулга”-ыг БШТС-ийн захирал, доктор З.Бурмаа нар Чандмань сумын ЕБС-ийн нийт багш, ажилчид, 11,12 дугаар ангийн сурагчдад сургалт явууллаа. 

Мөн Чандмань сумын ЕБС-ийн багш нарт зориулсан “Багшийн хөгжил, боловсрол судлал”-ын сургалтыг доктор Ц.Цэрэнгомбо, доктор Д.Өнөрнасан амжилттай зохион байгуулав.

Чандмань сумын ЕБС-ийн багш ажилчид, иргэд, сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг явуулж, тэмцээний ялагчаар С.Мягмарсүрэн агсны дүү С.Отгондэлгэр, Чандмань сумын ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш н.Батцэцэг удаах байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг С.Мягмарсүрэн агсны шавь нар нь гардууллаа.Үйл ажиллагааны хаалтын үеэр Чандмань сумын ИТХ-ын ажлын албанаас “Хүндэт иргэн” тэмдэгээр ХИС-ийн захирал М.Алтанбагана, С.Мягмарсүрэн агсны хань Ч.Одонтуяа, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, ХИС-ийн ФИТ-ийн эрхлэгч Л.Мөнхбат, доктор Ц.Цэрэнгомбо, ахлах сургуулийн багш Н.Энхтөр, доктор Д.Өнөрнасан нарыг шагнаж, бусад холбогдох хүмүүст гарын бэлэг, дурсгалын зүйл өглөө.

 

 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?