Нүүр   /  

СУВИЛАГЧИД ӨӨРСДӨӨ ЭРҮҮЛ БАЙХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-04-24  

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгээс “Сувилагчид өөрсдөө эрүүл байцгаая” аяныг эхлүүлж, тэднийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн үзлэгт бүрэн хамрууллаа.

Дархан-Уул аймгийн эмнэлгүүдэд 600 гаруй сувилагч байгаагаас 50 хувь нь хотын нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Хүнд хөнгөн болон хэвтрийн дэглэмтэй өвчтөнүүдийг нойр хоолоо хасан байж асарч халамжилдаг эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрүүл мэндэд ийнхүү онцгойлон анхаарч үзлэг оношилгоонд хамруулсан нь  тэдний өөрсдийн төдийгүй ар гэрийнхэн, үйлчлүүлэгч иргэдийн  талархлыг онцгой хүлээсэн ажил боллоо.

Сувилагч нарын эрүүл мэндийг оношилж, шат дараалалтай эмчилж эдгээх аян нь "Эрүүл мэнд-Ээлтэй орчин” сарын аяны хүрээнд  зохион байгуулагдаж байна. Сувилагч  бүрээс онцлон хувийн саналыг нь авч, хүсэлтийнх нь дагуу мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд  оруулжээ. Энэ аяныг “Сувилагчийн эрүүл мэндийг хамгаалъя” нээлттэй хаалганы өдрөөр үргэлжлүүллээ.

Сувилагчдын эрүүл мэндийн аянд хотын нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн бүх эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд,  нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад  ажиллаж байгаа сувилагч ажилтнууд бүгд хамрагдлаа. Сувилагч нарыг үзэж оношлох нарийн мэргэжлийн эмч нарын ажиллах хуваарийг гарган, чиглэл бүрээрээ үзлэг оношилгоо хийж, шинжилгээг газар дээр нь авч  хүн бүрт санамж зөвлөгөөг өгчээ.

Нэгдсэн Эмнэлгийн Сувилахуйн албаны дарга А.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “-Манай сувилагч нар ажилдаа улайраад өдөр шөнөгүй зүтгэхдээ өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй зуршил их бий. Эмнэлгийн ажлын хамаг ачааллыг үүрч хүн амдаа чанартай сайн  үйлчилгээ үзүүлье гэвэл бид өөрсдөө бүх талаар цоо эрүүл байх шаардлагатай. Сувилагч нар нь ээлжийн ажилтай учраас ажил амралтаа зохицуулаагүйгээс үүдэлтэй зүрх судас, хоол боловсруулах, дотор эрхтэн, үе мөчний өвчин хууч бие махбодод нь илэрдэг учраас түүнийг нь бүрэн илааршуулж, цаашдаа эрүүл дэглэмийг сахиулах нь чухал болоод байгааг урьдчилан явуулсан судалгаагаар  илрүүлсэн” гэсэн юм.  

Дархан хотын Нэгдсэн Эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга “Энэ удаагийн үзлэгээр илэрсэн эмгэг дутагдал бүрийг жижиг ч гэлтгүй бүрэн эмчилж эдгэрүүлэх ажлыг тун даруй авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь сувилагчдын сэтгэл санаанд нийцэж, ажиллах урмыг нь сэргээлээ. Эмнэлгийн ажилтнууд, сувилагчид нь ямарваа нэгэн вирус тээлгүй, хэрвээ илэрвэл тохиолдол бүрийг дор нь шуурхай эмчлэн эдгэрүүлэх үе шаттай арга хэмжээг авна” гэж  хэллээ.

Сувилагчдын эрүүл мэндийг хамгаалах аяны хүрээнд “Мэс заслын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” үндэсний семинарт Дарханы нэгдсэн эмнэлэг нь сувилагчдын 3 баг бүрдүүлэн оролцож шилдэг байрын шагналыг хүртжээ.

 

 

 

О.Хишигсүрэн

Дархан-Уул 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?