Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. Ийнхүү Дорнод аймаг төрийн хошой одонт аймаг боллоо. Одоогоос 74 жилийн тэртээ Халхголын дайн, Дэлхийн 2 дугаар дайны ар талын үүргийг амжилттай гүйцэтгэн, улмаар улс ардын аж ахуйн төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлснээр 1943 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолоор Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж байсан түүхтэй.
Тэгвэл 2017 оны 4-р сарын 24-ны өдөр Дорнод аймгийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх үйлсийг манлайлж, өв соёлоо эрхэмлэн хөгжүүлж буй үйлсийг үнэлэн Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор ийнхүү шагнаж байна.
Сүхбаатарын одонг улс, нийтийн үйлст олон жил үр бүтээлтэй ажилласан иргэд, хамт олныг хүнлэг ардчилсан нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн шагнадаг журамтай юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын одон гардуулах үеэрээ “Дорнодчуудад үеийн үед дуурсагдах гайхамшигтай сайхан баяр, түүхэн өдөр тохиож байна. Та бүхний маань үеийн үед улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын төлөө зүтгэж ирсэн нөр их хичээл зүтгэлд Монголын төр дээд хүндэтгэл үзүүлж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцооны 20 гаруй жилийн өнөөгийн хөгжил нь эрх чөлөөт иргэд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөж, санаснаа хийж бүтээх боломжтойг харуулж байна. Олон арван жилийн турш аймгийн мал сүрэг 1-1,2 сая толгойд хэлбэлзэж байсан бол одоо 1,7 сая толгой малтай боллоо. Зах зээлийн жилүүдэд хагас саяаар нэмэгдэж малчин нэг өрхөд дунджаар 400 гаруй толгой мал оногдож байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 21 аймгаас 3 дугаарт эрэмбэлэгдэж, хүн амын өсөлт, эхийн эндэлгүйн үзүүлэлт болон боловсролын чанарын түвшингээр улсад тэргүүлж явна. Өрх гэрээ өрнүүлэх хос залуусын тоо жил тутам нэмэгдэж, Чойбалсан хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна. Талын хотод чандманьлах Адуунчулууны ил уурхай, Дулааны цахилгаан станц, Гурил тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн баялаг, өөрийн аймгаас давж, зэрэгцэн айлсах аймгийн төв, сумдыг хангаж, манай аймаг зүүн бүсийн тулгуур төвийн үүргээ гүйцэтгэж байна.
Эх орны зүүн хил хязгаарт орших Дорнод аймаг маань мөнхийн хоёр их хөрштэйгээ эдийн засаг, нийгмийн өргөн харилцааны үүд хаалгаар хөгжил дэвшлээ ахиулж байна гэдгийг Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн шагналыг хүлээн авах үеэрээ онцлон хэлсэн юм.
А.ИЧИНХОРЛОО