Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19-р талбай Дорнод аймгийн Матад сумын нутагт харъяалагддаг. Энэ ч үүднээс Матад сум Петро Чайна Дачин Тамсаг компаниар шинэ соёлын төв бариулах саналыг өнгөрсөн жилээс хойш тавьж байгаа боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Петро Чайна Дачин Тамсаг компанийн 19-р талбай дээр үндсэн ажилтнаар 309 монгол ажилчид ажиллаж байгаагийн 79 нь Улаанбаатар хотын иргэд, 220 нь Чойбалсан хотын иргэд байна. Үүнээс Матад сумаас 29 иргэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт монгол ажилчдын 14 хувийг эзэлж байна. Дорнод аймгийн иргэдийн хурлын төлөалөгчид газрын тосны 19-р талбай дээр ажиллах үеэрээ Матад сумын иргэдийг ажлын байраар хангах асуудал дээр онцгой анхаарах, дээрх Матад сумаас авсан ажилчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Матад суманд газрын тосны мэргэжлээр суралцаад төгссөн 8 мэргэжилтэй боловсон хүчин байгаа бөгөөд тэд Петро Чайна Дачин Тамсаг компанид ажилд орох гэж 2 жил гаруй хугацааг хүлээлтийн байдалтай өнгөрүүлж байна.
Операторын мэргэжилтэй эдгээр боловсон хүчнийг ажлын байраар хангах асуудлыг удаа дараа Петро Чайна Дачин Тамсаг компанид тавьж байгаа боловч өнөөг хүртэл ажлын байраар хангахгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандлаа. Петро Чайна Дачин Тамсаг компанийн монгол талынхан Матад сумаас 2 ажилтан авсан . Тэд ямар нэгэн мэргэжилгүй, хэн нэгэн дарга чинь манай компанид оруулсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин иргэдийн хурлын төлөөлөгчид хэн нэгэн даргын шахааны хүнийг биш мэргэжилтэй боловсон хүчнийг ажлын байраар хангах нь чухал байна. Дахин ийм асуудал гаргахгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Матад сумын хуучин соёлын төв ашиглалтын шаардлага хангахгүй болсонтой холбоотой Петро Чайна Дачин Тамсаг компанийг орон нутагт хөрөнгө оруулалт хийх замаар шинэ соёлын төв барьж өгөх хүсэлтийг 1 жил гаруйн өмнөөс тавьсан байна. Гэвч тус компанийн монгол талаас одоог хүртэл тоймтой хариу ирүүлэхгүй байгаа нь Матад сумыг шинэ соёлын төвтэй болох асуудалд гацаа үүсгээд байна гэж үзлээ.
Петро Чайна Дачин Тамсаг компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд Матад суманд ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй байна. Харин жилд 30 мянган долларын тусламж өгч байгаа гэдгээ хэллээ. Дашрамд мэдээлэхэд Петро чайна Дачин тамсаг компанийн 19-р талбай өдөрт 10 мянган баррель тос олборлож байна.
А.ИЧИНХОРЛОО