НИЙСЛЭЛД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ"БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2018-01-30  

Нийслэлийн гэр хорооллын бүсийг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсэд хувааж хөгжүүлэхээр төлөвлөжээ.  

  • ТӨВИЙН БҮСИЙН ГЭР ХОРООЛОЛ нь 2501.3 га буюу  нийт гэр хорооллын газар нутгийн 23.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өндөр болон дунд давхрын орон сууц, бизнес үйлчилгээний төв байхаар төлөвлөгдсөн. Гэр хорооллын төвийн бүсийг төвийн шугам сүлжээнд холбоно.
  • ДУНДЫН БҮСИЙН ГЭР ХОРООЛОЛ  нь 2720 га буюу нийт гэр хорооллын газар нутгийн 28.8 хувийг эзэлж байгаа бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээнд холбоно.

Дундын бүсийн нэг онцлог бол хүн амын болон газар нутгийн нягтаршил өндөр, агаарын бохирдлын 60 хүртэл хувийг үүсгэж байгаа онцгой бүс юм.

Судалгаагаар гэр хорооллын иргэдийн 80 гаруй хувь нь амьдрах орчин нөхцлөө сайжруулж, тухайн газар нутагтаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

“Дэд бүтцийн төв” нь хүчин чадлын хувьд 200-300 өрхийг хангах боломжтой ба зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар байхаар төлөвлөжээ. Зоорины давхарт усан хангамж, ариутгах татуурга,  дулаан хангамж, цахилгаан, холбоо дохиолол хангамжийн тоног төхөөрөмжүүдээ байрлуулах ба 1 дүгээр давхарт дэд бүтцийн төвийн ашиглалтын захиргаа байрлаж иргэдийн инженерийн шугам сүлжээний тооцоо хураамж, засвар үйлчилгээг хариуцан ажиллана. 1-2 дугаар давхарт жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр 15-20  ажлын байр бий болгон орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэх юм.

Гэр хорооллын иргэдийн хэрэглээний нэг жилийн зардал 1,210,000 төгрөг байгаа нь сард 60-130,000 төгрөг зарцуулж байна гэсэн тооцоо гарч байгаа бол орон сууцны иргэдийн нэг жилийн хэрэглээний зардал 910,050 орчим төгрөг болж байгаа нь сард 85-95,000 төгрөг зарцуулж байна. Амьдрах нөхцөл хэдийгээр доор боловч орон сууцанд амьдардаг иргэдээс илүү зардалтай байгааг харуулж байна.

Тиймээс энэ ялгааг арилгах, гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хамгийн оновчтой хүртээх, өнөөдрийн гэр хорооллыг ирээдүйд амины орон сууцны хороолол болгох, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх эхлэл нь “Дэд бүтцийн төв” байх болно гэж үзжээ.

Мөн энэхүү төслийн нэг онцлог нь иргэд “Газар дахин зохион байгуулах” үйл ажиллагаанд хамрагдана. Энэ нь иргэд өөрийн өмчлөлийн газраас автозам, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргана.

Төслийн хүрээнд гарах зардлыг иргэд болон улс, нийслэл гэж хувааж үзвэл улс, нийслэл зөвхөн дэд бүтцийн төв, түүний гол болон салбар шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг хариуцах бол иргэд амины орон сууцаа дулаалах, сантехникийн тоноглол суулгах, амины орон сууцаа шинэчлэн барих, хашаа болон түүн доторх тохижилтын ажлуудаа тус тус өөрсдөө хариуцах юм.

Төслийн хүрээнд:

2018 онд 3 байршилд

2019 онд 47 байршилд,

2020 онд 50 байршилд нийт 100 байршилд барьж байгуулснаар 20 000-30 000 өрхийн амьдрах нөхцөл сайжирч агаарын бохирдол 20 хүртэл хувиар буурна гэж тооцоолжээ.

Эхний 3 байршлын дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажлыг 4 дүгээр сараас эхлүүлж 11 сард дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж эхэлжээ.

Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн эхний 50 байршлыг баталж, БНХАУ-ын 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл арга хэмжээний жагсаалтад оруулжээ.

 

20-30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ, АГААРЫН БОХИРДОЛ 20% БУУРНА

 

Дэд бүтцийн төв” нь Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их агаар, хөрсний бохирдолтой хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 232 нэгж талбарыг хамарсан 12,12 га газарт барьж байгуулах бөгөөд

Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 181 нэгж талбарыг хамарсан 15,8 га-д “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулахаар зураг төслийг гаргажээ.

200-300 айл өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах ажлыг хийж гүйцэтгэхэд төр, хувийн хэвшил, иргэд нягт хамтран ажиллах шаардлагатай юм байна.

Төслийн үр дүнд:

  • 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэж
  • Агаарын бохирдол 20 хүртэл хувиар буурна
  • 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгана
  • 439,200 мхөрсийг нөхөн сэргээна
  • Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
  • Гэмт хэргийн гаралт 20-30 хувиар буурна
  • Гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээ өсөж эдийн засгийн эргэлтэд орно

гэж тооцоолжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?