CONTROL.MN ГЭЖ ХЭН ХЭН БЭ ?
Ингэж олон хүн асууж байна. “Ард чинь хэн байгаа вэ?” гэж бүр ч олон хүн сонирхож байна. Юуны өмнө энэ асуултад хариулах нь зөв болов уу. Бидний ард нуугдаж, далдаас чиглүүлж, нийтлэлийн бодлогод нөлөөлөх улс төр, эдийн засгийн бүлэглэл огт байхгүй.
CONTROL.MN ЯАГААД ҮҮСЭВ ?
СONTROL.MN мэдээллийн сайт цаг үеийн шаардлагаар төрсөн. Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн эзэд болон улс төр, бизнесийн бүлэгт үйлчилдэг нь ил болсон. Эзэд нь улс төрч-бизнесмен. Тэд сэтгүүл зүйг хааш нь залж буйг хэлэх шаардлагагүй. Үлдсэн хэсгийн дийлэнх нь хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй улс төр бизнесийн бүлгийн захиалгаар ажиллах болсон. Ийм бохир орчин Монголын сэтгүүл зүйг нэлэнхүйд нь нөмөрсөн. Монголд бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл олноор устаж, сэтгүүлчид нь бодит үнэнийг бичих талбаргүй болж буй нь CONTROL.MN мэдээллийн сайтыг үүсгэн байгуулах гол түлхэц болсон. Иргэд, хүн ардад үнэн бодит мэдээллийг дуулгадаг, хэнд ч худалдагдахгүй, хэнтэй ч хаалтын гэрээ хийхгүй ийм л мэдээллийн хэрэгслийг нэг ч болов тоогоор нэмье гэж зүтгэлээ. Захиалгат сэтгүүл зүйг биш, бодит сэтгүүл зүйг хөгжүүлэхээр цөөн сэтгүүлчид санал нэгдсэн нь CONTROL.MN-ийн суурь боллоо. Бид нэг л зүйлд итгэж байгаа. CONTROL.MN мэдээллийн сайтыг дэмжих, хүрээлэх уншигч, иргэдийн тоо өдрөөс өдөрт өснө гэдэгт итгэлтэй байгаа.
Уншигч, иргэдийнхээ хамт "Хяналтыг" тавих цаг ч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. CONTROL.MN ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл, бид эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд биш, эгэл түмэндээ үйлчилнэ. Сэтгүүл зүй хэдий чинээ аялдан дагалдана Нийгэм төдий чинээ уруудан доройтоно.
CONTROL.MN аялдан дагалдахгүй.