
Засгийн газар 11 дүгээр сарын 25-нд дэмжсэн Авлигын гэмт хэргээс олсон хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Төслөөр авлигын замаар олсон хөрөнгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч шүүхийн шийдвэрээр хураан авах боломжтой болох бөгөөд авлигын хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүх, хөрөнгийн эх сурвалжийг мөшгөх төв, хураагдсан хөрөнгийн сан байгуулахаар тусгажээ. Санд төвлөрсөн хөрөнгийн 65 орчим хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн мэдээлснээр авлигын гэмт хэргийн тоо 2021 онд 536 байсан бол 2025 онд 915 болж өссөн байна. Тэрээр зөвхөн хэрэгтнүүдийг шийтгэх биш, авлигыг үүсгэдэг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж мэдэгджээ.