Трамп, Путин, Ши Жиньпин нар Шэньжэньд «Энх тайвны тунхаглал» баталлаа

11 минутын өмнө  

Уулзалт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд Шэньжэний Килин Виллад болсон бөгөөд дэлхийн цөмийн зэвсгийн хамгийн их нөөцтэй гурван гүрний тэргүүн анх удаа нэг ширээнд суусан түүхэн үйл явдал болов.

Трамп, Путин, Ши Жиньпин нар уулзалтын дараа дөрвөн заалт бүхий хамтарсан тунхаглал гаргасан байна. Нэгдүгээрт, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн гурван улс НҮБ-ыг шинэчилж, дэлхийн сорилтод илүү үр дүнтэй хариулах чадвартай болгохыг зорьжээ. Хоёрдугаарт, цэвэршүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эрчим хүчний тогтвортой урсгалыг хангахаа амлав. Гуравдугаарт, «цөмийн дайнд ялагч байхгүй, хэзээ ч хийх ёсгүй» гэж дахин нотолж, цөмийн эрсдэлийг бууруулж, цөмийн зэвсэг дэлгэрэхээс сэргийлэх талаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Дөрөвдүгээрт, Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй төстэй байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах ёсгүй гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ тунхаглалд Украин дахь дайн шууд дурдагдаагүй бөгөөд цөмийн зэвсэг хорогдуулах талаар тодорхой үүрэг, хугацаа тогтоогдоогүй тул уулзалтаас шууд ахиц гараагүй гэж олон улсын хэвлэлүүд дүгнэж байна.

Уулзалтын эхэнд Ши Жиньпин гурван улс «Хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, түнш, найз байх» ёстой гэж хэлж, цөмийн зэвсгийг бүрэн хориглож устгахыг уриалсан бол Трамп «Бид түүх бүтээж байна» хэмээн онцолж, гурван улс цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэх «онцгой байр суурьтай» гэж мэдэгджээ. Путин хэлэлцээ «маш нээлттэй» болж, гурван улс бүтээлчээр хамтарвал дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлж чадна гэж хэлсэн байна.

Гурван талт уулзалтаас өмнө Трамп Путинтэй тусдаа уулзаж, Украины дайны талаар ярилцсан бөгөөд Кремлийн мэдээлснээр Путин уулзалтаас «маш сайн сэтгэлтэй» гарсан байна. Мөн Трамп Ши Жиньпин нартай ажлын үдийн хоол барьж, худалдааны харилцаанд «тэнцвэр» олж, «шударга» харилцаа тогтсон гэж мэдэгдэж, Хормузын хоолой нээлттэй байх ёстой, Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Түүнчлэн АПЕК-ийн 33 дахь уулзалт мөн өдөр өндөрлөж, 21 эдийн засаг «2026 оны Шэньжэний хэтийн төлөв» баримт бичгийг баталсан бөгөөд чөлөөт худалдаа, хиймэл оюун ухаан, тоон эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Ши Жиньпин АПЕК-ийн практик хамтын ажиллагааг дэмжихэд 20 сая доллар олгохоо зарлав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?