
Судалгаанд хамрагддаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортынх бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна. Сарын өсөлтөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хамгийн их мэдрэгдэж буй нь махны үнэ: мах, махан бүтээгдэхүүний бүлэг жилийн дүнгээр 44.4 хувиар өсөхөд үхрийн мах 46.2 хувь, хонь, ямааны мах 55.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Талх, гурил, будааны бүлэг ч 10 хувиар өсөж, гурилын үнэ 12.7 хувь, гоймонгийнх 26.3 хувиар нэмэгджээ. Өвлийн улирал эхэлж буй энэ үед өрхийн хүнсний зардал цаашид ч дарамттай байх төлөв харагдаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ