АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

3 цагийн өмнө  

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар 11 дүгээр сарын 9-нд мэдээлэл хийлээ. Ажлын хэсэг нийслэлийн 24 төсөл хөтөлбөр, түүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэнгийн мэдээлснээр, шалгалтын хүрээнд 200 орчим хүнээс мэдүүлэг авч, санхүүгийн мөрдлөг явуулж байгаа бөгөөд шалгасан зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийг бүрэн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Үлдсэн таван хэрэгт есөн хүнийг яллагдагчаар татаад байна.

Хамгийн их анхаарал татаж байгаа нь Туулын хурдны зам төсөл юм. Хотын дарга асан Х.Нямбаатар нь төслийн гүйцэтгэгчээр шалгарсан хуулийн этгээдэд урьдчилгаа болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо Тендерийн хуулийн заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг орлогч асан Т.Даваадалайд шилжүүлсэн гэж АТГ үзэж, 2026 оны есдүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 22.1.3 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн, түүнийг яллагдагчаар татсан байна.

Гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байсан 339 тэрбум төгрөгийг царцаасан бол урьдчилгааны 160 тэрбум төгрөг нь төслийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нөхцөл байдал тогтоогджээ. Туулын хурдны замын хэрэгт Х.Нямбаатараас гадна таван хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн шалгаж байна.

АТГ-ын мэдээлснээр, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар Х.Нямбаатарыг удаа дараа дуудсан ч ирээгүй бөгөөд тэрбээр 2026 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан, албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа аж. Интерполын шугамаар хүсэлт хүргүүлсэн ч одоогоор хариу ирээгүй байна.

Мөн Шинэ тойрог авто замын 16.9 тэрбум төгрөгийн тендэрийг хууль бусаар шалгаруулсан гэх Т.Даваадалай нарын хэргийг шалгаж дуусган шүүхэд шилжүүлсэн бөгөөд холбогдогчдын 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Туулын хурдны зам төслийн явцад ногоон бүсийн 7.2 га талбай өртөж, бургасан ойг хавтгайруулан огтолсноос 352.2 сая төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн байгууллага тогтоосон байна.

Эх сурвалж: News.MN; АТГ, 2026.11.09

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?