
Ням гарагт (2026.11.08) Египетийн нийслэл Каироос өмнө зүгт 52 орчим километрийн зайд орших Гиза мужийн Аль-Айят дүүрэгт хоёр зорчигч тээврийн галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарлаа.
Египетийн Тээврийн яамны мэдээлснээр, Гиза хотоос Фаюм муж руу явж байсан зорчигч тээврийн галт тэрэг Кафр Аммар болон Аль-Ракка өртөөний хооронд Каираас Асван руу явж байсан галт тэрэгний сүүлчийн вагоныг мөргөсөн байна. Мөргөлдөөний улмаас зарим вагон замаасаа гарч унажээ.
Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээгээр ослын улмаас 7 хүн амиа алдаж, 112 хүн бэртсэн байна. Амиа алдагсдын дотор галт тэрэгний жолооч багтжээ. Харин Ерөнхий прокурорын газрын мэдээгээр бэртсэн хүний тоо 125-аас багагүй байгаа бөгөөд бэртсэн хүмүүсийн олонх нь эмчилгээ авсны дараа эмнэлгээс гарсан байна.
Ослын газарт аврах, эмнэлгийн багууд шуурхай ажиллаж, бэртсэн хүмүүсийг ойр орчмын эмнэлгүүдэд хүргэсэн бол орон нутгийн иргэд аврах ажиллагаанд тусалсан тухай AP агентлаг мэдээллээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ослын шалтгааныг яаралтай шалгаж, хайхрамжгүй хандсан буруутанд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд Прокурорын газрын мөрдөн шалгах баг ослын газарт ажиллаж эхэлжээ.
Хоёр галт тэрэг нэг зам дээр хэрхэн таарсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй байна.
Египетийн төмөр замын сүлжээ нь Африк болон Ойрхи Дорнод дахь хамгийн хуучин сүлжээ бөгөөд сүүлийн жилүүдэд олон хүний амийг авсан галт тэрэгний ослууд дахин дахин гарч, аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа юм.
Эх сурвалж: AP; Reuters; CNN, 2026.11.08