ДАРХАНЫ ДЦС-ЫН АЖИЛЛАГААГ СЭРГЭЭЛЭЭ: СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

1 цагийн өмнө  

2026 оны аравдугаар сарын 29-ний 20:56 цагт Дархан-Уул аймгийн "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-д техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр аравдугаар сарын 30-ны өдөр тус аймагт ажиллаж, гэмтлийн шалтгаан, нөхцөл болон сэргээн засварлах ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг, даалгавар өглөө.

Одоогийн байдлаар гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарлаж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авснаар станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн бөгөөд станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.

Урьдчилсан дүгнэлтээр станцын ерөнхий хуваарилах байгууламжийн вакуум таслуурт гэмтэл үүсэж, цахилгаан нум үүсэн, улмаар гал гарах нөхцөл бүрджээ. Тухайн үед хамгаалалтын систем автоматаар ажиллаж, гэмтэл даамжрахаас сэргийлэн станцын тоноглолуудыг бүхэлд нь зогсоох арга хэмжээ авсан байна.

"Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргалын мэдээлснээр, станц 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлээ хангасан боловч ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмжийн ачаалал хэвийн хэмжээнээс 2–3 дахин өндөр байгаа нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Тус станцын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан "1965 онд ашиглалтад орсон станцын насжилттай холбоотойгоор техникийн гэмтэл гарсан, цаашид Дархан-Уул аймагт шинэ дулааны цахилгаан станц барих, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, гэмтсэн тоноглолыг худалдан авах шаардлагатай байна" гэв.

Шадар сайд Н.Номтойбаяр станцын насжилт, техникийн өнөөгийн нөхцөл байдал нь цаашид томоохон эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулсан дохио гэдгийг тэмдэглээд, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, үнэ өртгийн тооцоог нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.

Дарханы дулааны цахилгаан станц нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дархан хотын дулаан хангамжийн үндсэн эх үүсвэр юм. Тус станц нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг.

Эх сурвалж: МҮОНРТ (mnb.mn), Монгол Улсын Засгийн газрын Мэдээллийн алба

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?