
Францын шигшээ багийн ахлагч, Испанийн "Реал Мадрид" клубийн довтлогч Килиан Мбаппе Францын "The Bridge" подкастад оролцох үеэрээ өөрийнх нь нүүрийг Хятадын удирдагч агсан Мао Зэдуны нүүрэн дээр наасан хошигнол зургийг хараад инээж, "За нэг залуу байна — хятадын дарангуйлагч байх гэж бодож байна" хэмээн хэлсэн нь Хятадад ихээхэн шуугиан тарилаа. Уг подкастын бичлэг сүүлдээ устгагдсан байна.
Олон улсын AFP агентлаг уг бичлэгийг бие даан шалгаж баталгаажуулж чадаагүй гэдгээ мэдэгдсэн ч Мбаппе өөрөө олон нийтэд уучлалт гуйсан нь энэ хэрэг зөвхөн цуу яриа биш болохыг харуулж байна.
Мбаппе мягмар гарагт буюу 10-р сарын 27-нд франц, хятад, англи гурван хэлээр уучлалт гуйжээ. "Миний хэлсэн үг буруу байлаа. Тэр үг маань Хятад дахь болон дэлхий даяарх хятад иргэдийн олон хүний сэтгэлийг шархлуулсныг би одоо ойлгож байна. Миний үгэнд гомдсон хүн бүрээс уучлалт гуйж байна... Би хятадын ард түмэн болон тэдний түүхэнд гүнээ хүндэтгэлтэй ханддаг" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Гэсэн ч түүний уучлалт нөхцөл байдлыг намжаасангүй. Хятадын сүүн бүтээгдэхүүний аварга Mengniu, энергийн ундааны Dongpeng (Eastroc) компани болон Shanghai Milkground компани Мбаппетэй байгуулсан ивээн тэтгэх, сурталчилгааны хамтын ажиллагаагаа зогсоосноо зарлалаа. Мөн Хятадын цахим орчны зарим хэсэгт түүний нэрийг хайхад илэрц гарахаа больсон тухай мэдээлэгдэж байна.
Хятадын төрийн өмчит China Media Group (CCTV) Ла Лигийн тоглолтуудыг дамжуулахаа түр зогсоож, "Реал Мадрид" клубийг ч мөн уучлалт гуйхыг шаардсан байна. Тус групп уучлалт гуйх нь цаашид хамтран ажиллах "зайлшгүй урьдчилсан нөхцөл" хэмээн мэдэгджээ.
Испанийн Ла Лига өөрөө ч уучлалт гуйж, болсон явдалд "гүнээ харамсаж байна", Мбаппегийн хэлсэн үг нь түүний хувийн байр суурь байсан хэмээн мэдэгдлээ. Лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Испани дахь Хятадын Элчин сайдтай уулзсан байна.
Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар байр сууриа илэрхийлж, "Хятадын ард түмний сэтгэлийг шархлуулсан үг, үйлдэл нь Хятадын нийгмийн бүхий л салбарын хамтын эсэргүүцэлтэй зүй ёсоор тулгарах болно" гэж мэдэгдэв.
Хятадад Мао Зэдуны талаар хошигнол ярих нь өнөөг хүртэл хориотой, эмзэг сэдэв хэвээрээ байдаг. Мбаппег "дарангуйлагч" хэмээн дүрсэлсэн хошигнол зургууд анх 2022 онд буюу түүний ПСЖ клуб дахь нөлөө, эрх мэдлийг шүүмжилсэн утгаар тархаж эхэлсэн түүхтэй юм.
Одоо олны анхаарал "Реал Мадрид" клуб руу шилжээд байна. China Media Group-ийн шаардлагын дагуу клуб уучлалт гуйх эсэх нь энэ маргаан цаашид даамжрах уу, намжих уу гэдгийг шийдэх гол асуудал болоод байна.
Эх сурвалж: Reuters, CNN, AFP