
Сербийн удирдагч Александр Вучич ням гарагт болсон ээлжит бус парламентын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, оюутны дэмжлэгтэй "Оюутны жагсаалт" хөдөлгөөн үнэмлэхүй олонх болсныг зарлалаа. Сонгуулийн хорооны мэдээллээр саналын 99 орчим хувь тоологдоход оюутнууд 52.7 хувь, Вучичийн эвсэл 39.2 хувийн санал авч, 250 суудалтай парламентад оюутнууд 139, Вучичийн эвсэл 97 суудал авчээ.
Вучичийн ялагдал зарлагдсан даруйд Белградын гудамжинд олон арван мянган хүн цуглан баяр тэмдэглэж, "ялалт" хэмээн хашхирчээ. Оюутны хөдөлгөөн 2024 онд Нови Сад хотын төмөр замын буудлын дээвэр нурж 16 хүн амиа алдсаны дараа эхэлсэн бөгөөд авлигын эсрэг, шударга ёсны төлөөх хоёр жилийн жагсаалын үр дүнд ийнхүү ялалт байгуулсан байна.
Харин ялалтын дараагийн том асуулт нь хэн Засгийн газрыг тэргүүлэх вэ гэдэг нь хэвээр байна. Оюутны жагсаалтад их сургуулийн багш, жүжигчин, тариаланч зэрэг олон нийтийн төлөөлөл багтсан ч ерөнхий сайдаар хэн томилогдох нь тодорхойгүй байгаа аж. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен оюутнуудад баяр хүргэж, Сербийн Европын холбоонд нэгдэх ирээдүйд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters, The Times of Israel