
Аравдугаар сарын 26-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй албаныхан мэдээлэл хийж, 11 дүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр олгохыг зарлав. Улсын Их Хурлын 10 дугаар сарын 16-ны хуралдаанаар баталсан Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, суурь тэтгэвэр олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Суурь тэтгэврийг тэтгэвэр авагчдаас ямар нэгэн хүсэлт болон нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр тогтоож, олгоно. Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй нийт ахмадуудын 80 хувь буюу 435.0 мянган иргэн суурь тэтгэвэрт хамрагдана. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэврийг олгох юм.
Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000 төгрөг байхаар ялгаатай тооцох ба дундаж хэмжээ нь 224,000 төгрөг байна. Жишээлбэл, 20 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно.
Цэргийн, онцлог мэргэжлийн болон олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд дээрх насны шалгуурт хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ. Мөн 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгаад байна.
Эх сурвалж: ГБХНХЯ / Utga.mn