
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт 10 дугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг найман хоног үргэлжилсэн тэмцлийн эцэст 10 дугаар сарын 16-нд бүрэн унтраажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээллээр түймэрт нийт 528,765 га талбай шатсан бөгөөд үүний 468,965 га нь дархан цаазат газрын нутаг дэвсгэр буюу нийт талбайнх нь 79.8 хувь аж. Түймрийн үеэр хүний амь эрсдээгүй байна.
Урьдчилсан шалгалтаар гал нь Японы KDDI компанийн охин компани болох Мобиком корпорацийн удирдлагуудын зорчиж явсан автомашины цуваанаас үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байна. KDDI компани 10 дугаар сарын 20-нд түймэр Мобикомын үйл ажиллагаатай холбоотой болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд удирдлагууд нь 4G сүлжээний туршилтаар явж байсан гэж мэдэгджээ.
Хүчтэй салхины улмаас гал Хятадын хил давсан бөгөөд Хятадын талаас 3,400 гал сөнөөгч ажилласан байна.
Ерөнхий сайд Н.Учрал "Хэн ч хариуцлагаас зугтаж болохгүй. Дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хэн, ямар зорилгоор олгосон, галын аюулгүй байдлыг хэн хариуцаж байсныг шалгалтаар тогтоох ёстой" хэмээн мэдэгджээ. Шадар сайд Н.Номтойбаяр ч "Зүгээр уучлал гуйгаад өнгөрөх зүйл биш" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минорү 10 дугаар сарын 26-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Япон улсын Засгийн газар уг асуудлыг нухацтай хүлээн авч, хохирол учирсан газар нутгийг нөхөн сэргээхэд Монголын Засгийн газартай хамтран ажиллана гэжээ.
Одоогоор хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.
Зураг: China Media Group. Эх сурвалж: Монцамэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Japan Times, МҮОНРТ