Н.УРТНАСАН: ТЭРБУМ МОД ТАРИНА ГЭДЭГ БОЛ ХООСОН АМЛАЛТ БИШ, БОДИТ ҮЙЛ ХЭРЭГ

2021-11-17  

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан " Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарынхан өргөтгөсөн чуулганаа хийв. Тус чуулганаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”, “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”, ”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг асуудлыг Монголын ойчид өргөнөөр хэлэлцсэн. Зөвхөн дан ганц мод тарих асуудлыг бус, түүнийг тарьж ургуулахтай холбоо уялдаа бүхий цогц бодлогыг боловсруулж , “Ногоон Монгол” –ыг хөгжүүлэх арга замыг бултаараа хэлэлцлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, - “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно” гэдгийг онцолсон. " Тэрбум мод" хөдөлгөөн нь нэг талаас Ерөнхийлөгчийн санал, санаачилга боловч, хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газрын бодлого, шийдвэрүүд чухал юм. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж буйгаа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, - “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, ойн шавьжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.

Миний бие уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэж тус чуулганы төлөөлөгчдөд хандан тодотгосон. Чуулганд оролцсон нийслэл хот болон 21 аймгийн Засаг дарга нарт хандан улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд нийслэл хот 120 сая, Өмнөговь аймаг 70 сая, Говь-Алтай аймаг 100 сая, бусад нь 5-30 хүртэл сая мод тарьж ургуулахаар БОАЖ-ын сайдтай хариуцлагын гэрээн гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан Байгаль орчин , аялал жуулчлалын Яамны сайд Н.Уртнасан: -2030 оныг хүртэлх хугацаанд, Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл хот нийтдээ хичнээн мод тарьж ургуулах вэ? гэдгээ тодорхойлж , хариуцлагын гэрээ байгууллаа. Тэрбум мод тарих нь хоосон амлалт биш гэдгийг харуулна. Засгийн газар, салбар хариуцсан Яамны зүгээс "Тэрбум мод" тарих хөдөлгөөнийг зөв зохистой зохион байгуулна. Түүний тулд модыг хэрхэн яаж тарих талаар мэргэжлийн арга зүйн зөвлөмж, зааварчилгааг гаргана. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тодорхой заалтуудад ч анхаарах болно. Хууль эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор нэн яаралтай өөрчлөх шаардлагатай хуулийн заалтуудад манай хуулийн багийнхан санаачлагатай ажиллаж байгаа гэж хэллээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?