“ХАШААНД АМЬДАРДАГ АЙЛУУД ЖОРЛОНГОО ТОЙРУУЛААД ГУРВАН ШИРХЭГ МОД ТАРЬЧИХАД Л “00” НЬ ДҮҮРЭХЭЭ БОЛИНО”

2021-11-10  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ойн салбарын үндэсний чуулганы салбар хуралдаан өнөөдөр эхэлж байна. Бид МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, профессор Н.Баатарбилэгтэй уулзаж чуулганы үйл явц, тэрбум мод тарих ажлын талаар ярилцлаа.

Монгол Улсын хэмжээнд ойн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтнийг МУИС, ХААИС, ШУТИС бэлтгэдэг. МУИС ой судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд бэлтгэж, ойн эко системийг хамгаалах, ойн нөөц баялгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Тэрбум мод тарих ажилтай уялдуулаад одоогийн тооцоогоор 7000 орчим мэргэжлийн ойчид хэрэгтэй. Үүний 31 нь техник инженер, удирдах албан тушаалтан байх ёстой. Үүнийг их, дээд сургуулиуд бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл 1500 орчим дээд боловсролтой мэргэжилтнийг ирэх гурван жилийн дотор бэлтгэх шаардлага байна.

-Оюутан элсүүлэхээс эхлээд их ажил өрнөх бололтой. Түргэвчлэх, оюутан татах арга бий юу?
-Сүүлийн арваад жилд байгалийн шинжлэлийн хөтөлбөрүүдэд элсэлт буурсан. Тэгэхээр энэ үйл явцыг хэрхэн гэтэлж давах вэ гэхээр олон янзын тэтгэлгүүдийг гаргах, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнтэй шууд гэрээ хийж, оюутан элсүүлэх хэрэгтэй байна. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Оюутолгой, Шарын гол, Багануурын уурхай гэх мэт газруудаас “Манайх мөнгийг нь төлье.  Бидэнд ойн мэргэжилтэн бэлтгээд өг” гэвэл ЭЕШ өгсөн, БСШУЯ-наас гаргасан их, дээд сургуульд элсэх босго оноонд хүрсэн сурагчийг  шууд аваад сургах шаардлагатай байна. Зарим уурхай нэг сая мод тарина гээд амлалт авч байна. Тэр газарт дор хаяж 30 мэргэжлийн хүн, тэр дотроо ядаж тав нь инженер байх ёстой. Бид тэр хүмүүсийг бэлтгэх боломж бий.

БХЯ гэхэд л 100 сая мод таръя гэсэн. Тэгэхээр цэрэгт байгаа залуусыг МУИС-д эчнээ, оройгоор элсүүлээд цэргийн анги, яаманд нь зохион байгуулаад сургалтуудыг явуулбал залууст, цэрэгт байх хугацаандаа сургуульд сураад, мэргэжил эзэмшээд, шууд ажлын байртай болох боломжтой. Ийм тохиолдолд уламжлалт оюутан элсүүлдэг аргаас өөр хэлбэрээр элсүүлэн сургах бололцоо бүрдэх байх.

-Та ойн салбарт олон жил ажиллаж, судалгааны ажил хийсэн. Тэрбум мод хөдөлгөөний ач тус, энэ салбарт үзүүлэх нөлөөний талаар та ямар бодолтой байна вэ?
-Тэрбум модыг эхлээд Монголчуудын оюун санаанд тарих хэрэгтэй. Мод ургадаг, ургах эсэх нь хүнээс хамаардаг гэсэн  философийг ойлгуулах, харуулах ёстой. Энэ ажилд их, дээд сургуулиуд, мэргэжлийнхэн бүгд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Бидэнд тэрбум мод тарих бололцоо бий. Гагцхүү бид бэлэн болох ёстой.

МУИС-ийн хичээлийн I байрны ард талын ногоон төгөлд өдөр бүр олон хүн ирдэг, амардаг. Орчныг нь бүрдүүлэхээр хүмүүс аяндаа цуглаад, ойн сайханд автаж, амарч, мод тарих нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй болж байна шүү дээ.

Ойн салбарынхны хувьд бол энэ алтан үе, алтан боломж. Ойжуулах ажил хэзээ ч ийм өндөр хэмжээнд, төр засгийн оролцоотойгоор олон улсын түвшинд үнэ цэнтэй болж байгаагүй. Яах ч аргагүй байгаль доройтоод, бид байгалийн өмнө хүчин мөхөстөж байгаа учраас бид байгалийг зөөлрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, цөлжилтийг сааруулахын тулд мод тарихаас өөр арга үгүй. Мод тарихаар доогуур нь зүлэг ургана, зүлэг ургахаар хөрс сайжирна, ус чийг нэмэгдэнэ, хот суурин газарт бол уур амьсгал зөөлөрнө, хүмүүст амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.

Манай мэргэжлийн хувьд тэнхим бэхжиж, суралцагчид нэмэгдэх нь байна. Төгсөгчид маань ажлын байраар бүрэн хангагдахаар боллоо. Тэгэхээр ирэх 10 жилд ойн салбарт маш том эргэлт гарна гэсэн үг л дээ. Үүнийг дагаад хөрс, ус, ургамал, амьтан судлаачид гээд байгалийн шинжлэлийн судлаач, мэргэжилтнүүдийн эрэлт өснө.

Тэрбум модыг янз бүрийн аргаар тарина. Тэгэхээр тарьсан зурвасуудын хооронд ногоо, жимс, цэцэг ургуулах, аж ахуй хөгжүүлэх, зөгий үржүүлэх гээд их ажил ундарна. Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ, хүмүүсийн амьжиргаа дээшилнэ. Хувиараа мод тарьдаг, мод үржүүлгийн газар ажиллуулдаг хүмүүс модоо энэ хөдөлгөөнд өгөөд байхад л хангалттай хэмжээний орлого олох боломж бүрдэж байна.

-Мод удаан ургадаг. Түргэвчлэх шинэ технологи байгаа юу?
-Ер нь тэрбум модыг тарих хугацаа бол 10 жил. Эхний гурван жилийг нь бэлтгэх үе шат гэж нэрлэж байгаа. Энэ хугацаанд бид мод үржүүлгийн газруудыг байгуулж, үр цуглуулах, тарих арга технологийг нь боловсруулна.

Тэгэхээр бид цөлжилт, ганг тэсвэрлэдэг, ус бага шаарддаг, ургалтынх нь эрчим хурдан ургамлуудыг сонгох, ургуулахдаа шинэ технологи, инновацуудыг хэрэглэх хэрэгтэй. Нэг үрээс олон тарьц суулгац гаргаж авдаг биотехнологи, биохимийн аргуудыг хэрэглэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хурдан ургуулахын тулд зөв бордоонуудыг сонгох, бордооны шинэ технологиудыг бий болгох гээд олон ажил байна. Энэ нь МУИС-ийн байгалийн ухааны салбарын багш, судлаачдын хийж буй ажил, бэлэн байгаа мэдлэг юм.

Мөн хөрс сайжруулах тал дээр манай газарзүйн салбарын багш нар, сайжруулахаар ажиллаж байгаа бусад салбарынхан бүгд оролцох хэрэгтэй байна. Нанотехнологийнхон шавьжаас хамгаалдаг, өвчлүүлдэггүй бүрхүүл үүсгэх, хөрсний усыг агаарт алдахгүй байх арга технологи юу байна тэр бүхнээрээ оролцох, хөв цөөрөм дээр ажилладаг багш нар ууршилтыг яаж багасгах вэ, хөв цөөрмийг хаана байгуулах вэ, усны нөөцүүд хаана байх вэ гэсэн асуудалд анхаарах гээд манай багш нар олон асуудлыг судлах, шийдвэрлэх шаардлага үүслээ.

-Тэгэхээр “Тэрбум мод” хөдөлгөөний бодлогын асуудлууд МУИС-тай холбогдоод эхэлжээ?
-Тийм ээ, холбогдоод эхэлсэн. Бид Ерөнхийлөгчийн тамгын газартай маш нягт холбогдож, бодлогын судалгаанууд дээр хамтран ажиллаж байна. Зарим захиалгат ажил яваад эхэлсэн. Байгаль орчин болон боловсролын салбарынхан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулийн багш нар нэг цогц баг болж эхэллээ. Цаашдаа бид, дээр хэлсэнчлэн, ургамал судлалын тэнхим, газарзүй, хими, биохимийн тэнхмийнхэнтэйгээ хамтраад хүчтэй багийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал бид судалгаа шинжилгээний арга зүйг боловсруулах шатанд, ирэх гурван жилд их ажлыг амжуулах боломж нөхцөл бүрдчихсэн байна л даа.

-МУИС-ийн ойн салбарын багш нар дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний ажилд их сайн оролцдог, маш сайн баг байгаа. Сүүлийн үед гарсан технологиудыг хөрсөн дээр буулгах тал дээр хэр ажиллаж байна вэ?
-Бид янз бүрийн туршилт хийж, технологийн аргуудыг боловсруулж байна. МУИС-д “Үдлэгийн ойн суурин” гэж бий. Тэндээ бид энэ талын судалгаануудыг эрчимжүүлж байна. хүрээлэнгүүдийг байгуулна.

Ер нь бол их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт, үйлдвэрлэл, судалгааны инкубацыг бий болгох шаардлагатай. Тэгээд хүний нөөц дээрээ тулгуурлаж байгаад хамтарсан үйлдвэрлэл туршилтын баазуудыг байгуулбал тэнд маш хурдан хугацаанд туршилтуудыг хийгээд явах бололцоо байгаа. Бидэнд судалгааны лабораториуд бол бий. Одоо бөөнөөр нь үйлдвэрлэх, турших ажлууд хийгдэх ёстой. Патент, зохиогчдын эрхүүдийг авах хэрэгтэй. Ингээд ажиллах юм бол бололцоо байна.

-Мэргэжлийн хүмүүс ийм өөдрөгөөр харж байхад ард түмэн дэмжвэл энэ ажил бүр л сайн явах нь ээ?
-Түрүүн хэлсэнчлэн мод тарих энэ ажлыг эхлээд хүмүүсийн тархинд суулгах хэрэгтэй.

Гэр хороололд байгаа айлууд ил жорлонгоо тойруулаад гурван ширхэг мод тарьчихвал “00” нь дүүрэхээ болино, усыг нь ургамал шингээж авна, бохир үнэргүй болно. Багахан ч болов цэцэгт ургамал тарьчихвал хашаа нь өнгө орно, гаднаа суухад шороо тоос босохоо болино.

Тэгэхээр бид эхлээд нийт ард түмнийг мод тарь гэхээсээ илүү аймаг, сум бүрт жижиг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг төрийн оролцоотойгоор байгуулаад, модны дор суух чинь шороон дотор суухаас сайхан, нар шарахгүй, салхи үлээхгүй юм байна гэдэг энэ ойлголтыг төрүүлэхийн тулд, хүмүүст харуулах, үлгэрлэх хэрэгтэй байна. Хүмүүс манай суманд мод ургахгүй гэж бодож байсан бол ургасныг нь харна, итгэл үнэмшилтэй болно. Тэгээд хашаандаа байшин, гэрээ тойруулаад мод тарина. Нүдээрээ харж, гараараа мэдэрч байж итгэдэг монгол хүний сэтгэл зүйн онцлог гэж бий. Тэгэхээр тусгайлан зохион байгуулсан загвар  цэцэрлэгүүд хэрэгтэй.

-Нэгэнт хөдөлгөөн эхэлсэн, үйл явц өрнөж байгаа болохоор том, жижиг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулна гэсэн үг үү?
-Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөөлж байгаагаар, ойн мэргэжлийн эрдэмтдийн зөвлөж байгаагаар бол аймгийн төвүүдэд 5-10 га, сум болгонд 1-2 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулна. Улсаас энэ ажлыг хийх стандарт, зургийг гаргаж өгнө. Тэгэхээр яг ижилхэн цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй болно гэсэн үг юм. Дараа нь айлууд, ард түмэн мод тарьж эхэлнэ. Тэр үед бид тарих модыг нь бэлэн болгочихсон, арга, аргачлалыг хэвлээд бэлтгэчихсэн, модных нь үнэд багтаачихсан байх юм.

-Та “Тэрбум модыг тарина, болно, бүтнэ” гэж байна. Ямар нэг саад, бэрхшээл гарч ирэх болов уу?
-Ер нь санаа зовж байгаа зүйл бол энэ асуудалд хэтэрхий их улстөр орох вий гэсэн болгоомжлол юм. Хүчээр тулгаад, аймаг, сумдын дарга нар, сургуулийн захиргаанаас ч юм уу “мод тарь” гээд эхлэх юм бол энэ ажлын зохион байгуулалт, хүмүүсийн итгэл үнэмшил алдагдана. Хүчээр хийсэн юм үр дүнд хүрэх нь тааруу. Улсын төсвийн нэг хувийг энэ ажилд зарцуулна гэж байгаа. Энэ бол маш их мөнгө. Тэр мөнгө янз бүрийн тууз хайчилдаг, хашаа хатгадаг, самбар өлгөдөг, лоозогносон маягийн ажил руу явчихгүй, яг тэр модондоо, мод тарих үйл ажиллагаандаа зарцуулагдвал сайн байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээс эхлээд л ангиасаа ус авч гараад модоо усалдаг, зарим үед хөрсийг нь сийрүүлдэг, арчилдаг, унасан навчаар нь наамал хийдэг болгох тэр соён гэгээрүүлэх ажилд анхаарвал тэрбум мод тарих ажлын дүн нь сайн байх болно.

Бүх хүн мод тарьдаг байх ёсгүй, тэгж шахаж болохгүй. Нүхэнд суулгацыг хийгээд булах, услах бол бүх нийтийн ажил. Харин ямар модыг сонгох, хаана тарих, яаж арчлах вэ гэдэг бол яах аргагүй мэргэжлийн хүмүүсийн ажил. Зарим хүн тодорхой төлбөр төлөөд мэргэжлийн хүмүүсээр мод тариулж болно. Ер нь мод тарих нь бүх нийтийн үйлс гэдэг буруу. Бүх хүн мод тарьж чадахгүй, гэхдээ ямар нэг хэлбэрээр оролцох нь чухал юм. Модыг хайрладаг, хамгаалдаг, хугалдаггүй байх ёстой. Хүүхдүүддээ гоё цэцгийг тасалж болохгүй, усалбал бүр гоё ургана гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Өнөөдрөөс эхлээд монголын ойчид тав хоног хуралдаж байна.Дараа нь 11-р сарын 15-нд Ерөнхийлөгчийн ивээл дор чуулга уулзалт хийнэ.Чуулганаар тэрбум модыг тарих үндсэн чиглэлийг тодорхойлно. Тэгэхээр энэ ажлын хэрэгжих дүр зураг гараад ирнэ. Дараа нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид бүгд оролцоод  арга зүйг боловсруулах бэлтгэл ажлууд руугаа орно. Түүний дараа ард түмэнд “Тэрбум мод бэлэн боллоо. Одоо та нар тариарай” гэнэ.

Сүүлийн үед ойг огтолж ашиглана гэхээсээ илүү дотор нь явж сэтгэл зүйн эмчилгээ авах, үнэрлэх, өнгийг нь мэдрэх, тайвшрах, стрессээс гарахыг чухалчилдаг болсон. Хөгжингүй орнуудын том хотуудын цэцэрлэгт хүрээлэнд дүүрэн хүн байдаг чинь хүмүүсийн эрүүл ахуйд ой маш сайн нөлөөтэйг л харуулж байгаа юм. Ногоон байгууламж нэмэгдэхээр уур амьсгал зөөлөрч, ард иргэд гэртээ бүгээд суух биш, моддын дэргэд алжаалаа тайлахаар гардаг учраас нийтийн зан авир, үйлд сайнаар нөлөөлдөг. 

Эхний гурван жилийн ажлыг зөв төлөвлөөд, зөв гольдролоор явуулчихвал дараагийн жилүүдэд ажил их амархан болно. Хүмүүсийн оролцоо нэмэгдээд, тарьсан ургуулсныг гэмтээхгүй, таслахгүй болоод ирэхээр хөдөлгөөн нь илүү ард түмэнд чиглээд явчихна.

-Энэ ажлын явцыг ярих тусам гэрэл, гэгээтэй мэдээлэл нэмэгдээд, өөдрөг дүр зураг харагдаад байна. Ойчид бүгд хөдөлж эхэлсэн үү?
-Өнөөдрөөс эхлээд монголын ойчид тав хоног хуралдаж байна. Бид эхний дөрвөн өдөр модоо хэрхэн сонгох вэ, ямар аргаар яаж тарих вэ, хэн оролцох, хаана тарих вэ гээд бүх асуудлаа яриад дотроо учраа олж авна. Чуулганд оролцож буй 1200 гаруй ойчид нэг зүг рүү харна гэсэн үг. Дараа нь 11-р сарын 15-нд Ерөнхийлөгчийн ивээл дор чуулга уулзалт хийнэ. Төрийн ордонд болох энэ арга хэмжээнд төр засаг, мэргэжлийнхэн, хувийн хэвшил, ард иргэд гээд бүх талын төлөөлөл болох 500 хүн оролцоно. Чуулганаар тэрбум модыг тарих үндсэн чиглэлийг тодорхойлно. Тэгэхээр энэ ажлын хэрэгжих дүр зураг гараад ирнэ. Дараа нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид бүгд оролцоод  арга зүйг боловсруулах бэлтгэл ажлууд руугаа орно. Түүний дараа ард түмэнд “Тэрбум мод бэлэн боллоо. Одоо та нар тариарай” гэнэ.

-Та ойн ач холбогдлын талаар хэдэн баримт хэлээч?
-Ойжуулах нь цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг багасгах хамгийн шилдэг арга юм. Хүнд тустай гэдэг талаас нь олон жишээ хэлж болно. Хамгийн эхэнд ойгоос, ногоон ургамлаас авч буй таашаал бол тааламжтай өнгө, үнэр юм. Сүүлийн үед ойн шинжлэх ухаанд маш хүчтэй түрж орж ирж байгаа чиглэл бол сэтгэл зүйн эмчилгээ. Сэтгэл санаа нь тогтворгүй, өөрчлөлттэй байгаа хүмүүсийг ойд авчирч эмчилж байна. Эмнэлгүүдийг ойд байгуулж байна. Сүрьеэгийн эмнэлгийг нарсан ой дотор байгуулж, вирусийг устгаж байна.

Хэрэглээ талаас нь харвал цэвэр модон тавилга, шилмүүсний ханд, эфирийн тос, ванны хөөс, үнэртэн гээд эрүүл мэндэд асар тустай бүтээгдэхүүнүүд бий. Жимс, самар, мөөг, эмийн ургамлууд гээд ойн дагалдах баялаг тоо томшгүй их байна.

Ер нь ойтой улсууд модоо хамгаалах ажлыг ард түмнээрээ хийлгэдэг, ойг тэдэнд өгсөн. Жишээ нь ойд байшинтай хүн элдэв шавж хортонтой тэмцдэг, ойн түймрээс сэргийлдэг, мод бутыг хайрладаг. Тэгэхээр ойг зөв зохистой ашиглах, хамгаалах арга нь ойд ард иргэдийг нэвтрүүлэх явдал юм. Тэд ойгоос таашаал авдаг, баялгаас нь хувь хүртдэг байх ёстой. Тэрбум мод хөдөлгөөн ч гэсэн мод ургамал таривал бидэнд ашигтай, хэрэгтэй гэдгийг ард иргэдэд ойлгуулах болно.

Эх сурвалж: “МУИС-ийн мэдээ” сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?