Испанийн “Реал Мадрид” багийн бразил довтлогч Винисиус Жуниор “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтад анх удаагаа багтаж, уг жагсаалтын 7 дугаарт бичигджээ.
2024/25 оны улиралд түүний орлого 55 сая ам.доллар байх төлөвтэй байна. Үүний 40 сая ам.доллар нь клубээс авах цалин юм. Харин үлдсэн 15 саяыг нь "Sony PlayStation”, “Pepsi” болон “Clear” шампуний зар сурталчилгааны гэрээнээс авах ажээ.
Өдгөө 24 настай Винисиус 2018 онд Бразилын “Фламенго” багаас “Реал Мадрид” клубт шилжиж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Испанийн АШТ ба Супер цомын тэмцээнд гурван удаа түрүүлж, Испанийн цомд нэг удаа, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ, УЕФА-гийн Супер цомд тус бүр хоёр удаа аваргалсан байна. Винисиус “Реал Мадрид”-ын төлөө нийт 272 тоглолтод оролцохдоо 86 гоол оруулж, 80 удаа оновчтой дамжуулжээ. Энэ улиралд тэрбээр Мадридын багийн төлөө 8 тоглолтод оролцож, 3 гоол, 5 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм. Бразилын шигшээ багийн төлөө 35 тоглолтод оролцохдоо таван гоол оруулжээ. “Transfermarkt” цахим хуудсанд мэдээлснээр, хөлбөмбөгчний зах зээлийн үнэлгээ 200 сая еврод хүрчээ.
2024/25 оны улирлын хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг Саудын Арабын “Аль-Наср” багийн португал довтлогч Криштиану Роналду тэргүүлж байна. К.Роналду энэ улиралд 285 сая ам.доллар олно гэж шинжээчид үзэж буй. Үүний 65 сая ам.долларыг зар сурталчилгааны гэрээнээс авах бол дийлэнх хэсэг буюу 220 сая нь түүний цалин юм.
Жагсаалтын хоёрдугаарт, "Интер Майами» клубийн аргентин довтлогч Лионель Месси (135 сая), гуравдугаарт "Аль-Хиляль" -ийн бразил довтлогч Неймар (110 сая) бичигдсэн бол эхний аравт Карим Бензема (“Аль-Иттихад”, 104 сая ам.доллар), Килиан Мбаппе (“Реал”, 90 сая), Эрлинг Холанн (“Манчестер Сити”, 60 сая), Винисиус Жуниор (“Реал”, 55 сая), Мохаммед Салах (“Ливерпүүл”, 53 сая), Садио Мане (“Аль-Наср”, 52 сая) Кевин Де Брюйне (“Манчестер Сити” 39 сая) нар багтжээ.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 22 /Forbes/