БРАЗИЛЫН ТАМИРЧИН ПАРАЛИМПЫН ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

2024-09-03  

 Бразилын усанд сэлэлтийн тамирчин Габриэлзиньо даваа гарагт 200 м-ийн чөлөөт сэлэлтийн S2 төрлийн финалд гайхалтай амжилт үзүүлж түрүүлснээр Парисын Паралимпын гурав дахь алтан медалиа хүртлээ.

Гаргүй, хөл нь хатингаршсан, 22 настай тэрбээр “Пари-Ла-Дефанс” аренад болсон тэмцээнд 3 минут 58.92 сек-ийн амжилт үзүүлсэн бол бие даасан статустай оролцсон Оросын тамирчин Владимир Даниленко, Чилийн Альберто Абарза Диас нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ.

Жинхэнэ нэрийг нь Габриэль Жералдо дос Сантос Араужо гэдэг Бразилын тамирчин Парист 100 м-ийн араар даллах, 50 м-ийн араар даллах төрлүүдэд алтан медаль хүртээд байсан юм.

“Үүрэг даалгавраа биелүүлсэн мэт мэдрэмж төрж байна. Яагаад гэвэл би Парист гурван алтан медаль авах зорилготой ирсэн. Тиймээс би маш их баяртай байна” гэж Габриэлзиньо ярилаа.

“Токио-2020” наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан Бразилын тамирчин ийнхүү амжилтаа ахиулж чаджээ.

Габриэлзиньо наймдугаар сард Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, 100 м-ийн араар даллах төрөлд өмнө нь хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг алт болгон хувиргаж, гурван алтан медаль авахыг зорьж байна гэж байсан юм.

Баасан гарагт тэрбээр эрэгтэйчүүдийн 50 м-ийн чөлөөт сэлэлтийн S3 төрөлд өрсөлдөнө.

 

Эх сурвалж: ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 3 /AFP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?