
Монгол Улсын баг Японы Нагоя, Айчи мужид болсон Азийн 5-р пара наадмаас нийт 10 медаль хүртэж, Азийн пара наадам дахь түүхэн дээд амжилтаа тогтоолоо. Монгол 44 тамирчнаа 10 спортын төрөлд өрсөлдүүлсэн бөгөөд баг өнөөдөр буюу аравдугаар сарын 27-нд эх орондоо ирж байна.
Алтан медалийг таеквондогийн тамирчин Сүрэнжавын Уламбаяр, жүдоч Лхагважавын Төрүүнаа, таеквондогийн тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ, пауэрлифтингийн тамирчин Энхбаярын Содномпилжээ нар хүртлээ. Содномпилжээ 107 кг-ын жинд 246 кг өргөж, хоёр дахь удаагаа Азийн пара наадмын аварга болсон бол Болор-Эрдэнэ дараалан хоёр дахь удаагаа түрүүлж, Монголын анхны тамирчин болсон байна.
Мөн жүдоч Тогтохбаярын Сүвд-Эрдэнэ, буудлагын тамирчин Гансүхийн Ган-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртэж, байт харвааны эмэгтэй баг хүрэл медаль авсан зэрэг амжилтаар Монголын баг 10 медальд хүрчээ. Энэ нь Монголын пара спортын түүхэнд Азийн наадмаас авсан хамгийн олон медаль юм.
Эх сурвалж: MONTSAME