E-MART МОНГОЛД 7 ДАХЬ ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ, 8 ДАХЬ НЬ 11 САРД НЭЭГДЭНЭ

3 цагийн өмнө  

БНСУ-ын жижиглэн худалдааны томоохон сүлжээ E-Mart Монгол дахь үйл ажиллагаагаа улам тэлж, долоо дахь дэлгүүрээ пүрэв гарагт Улаанбаатар хотод нээлээ. Шинэ дэлгүүр нь спорт, соёлын UG Arena цогцолборын арилжааны талбайн нэгдүгээр давхарт байрлаж байгаа бөгөөд сүлжээ ирэх сард найм дахь дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа нь гадаадын жижиглэн худалдааны сүлжээнүүд Монголын зах зээлийг хэрхэн харж байгаагийн нэг илрэл болж байна.

Шинэ салбар нь 3,272 ам метр талбайтай бөгөөд 2017 онд нээгдсэн хоёр дахь, өнгөрсөн онд нээгдсэн зургаа дахь салбарын дараах гурав дахь дунд хэмжээст дэлгүүр болж байна. UG Arena нь сагсан бөмбөг, волейболын тэмцээнээс гадна концерт, тоглолт, үзэсгэлэн зохион байгуулагддаг цогцолбор учраас дэлгүүр нь ойр орчмын оршин суугчид, албан байгууллагын ажилтнуудаас гадна арга хэмжээ үзэхээр ирсэн зочдод ч үйлчлэхээр төлөвлөгджээ.

Дэлгүүрийн барааны нэр төрөлд хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хоол, Солонгос хоол, No Brand брэндийн бүтээгдэхүүн, шар айраг, дарс, жимс, шинэхэн шахсан шүүс, спортын хувцас, хэрэглэл багтаж байгаа аж. Түүнчлэн цогцолбор дотор хоол, ундааны брэндүүд, хувцас, гоо сайхны дэлгүүрүүд, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг өөр түрээслэгчид ч байрлаж, дэлгүүрийн төв хэсэгт амрах талбай гаргасан нь "дэлгүүр хэсэх, хооллох, амрах"-ыг нэг дороос гэсэн байр суурийг харуулж байна.

E-Mart Монголд 2016 онд анх орж ирснээс хойш энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Энэ хугацаанд сүлжээ нь том хэмжээст дэлгүүрээс эхлээд дунд болон жижиг хэлбэрүүдийг хослуулсан загвар руу шилжиж, орон нутгийн зах зээлийн нөхцөл, хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан ажиллаж ирснээ компанийн зүгээс тайлбарлаж байна. Монголын 3.5 сая орчим хүн амын 1.7 сая нь Улаанбаатарт амьдардаг нь нийслэлд төвлөрсөн тэлэлтийн нэг шалтгаан болж байгаа нь ойлгомжтой.

Тэлэлт үүгээр зогсохгүй. Найм дахь дэлгүүр нь 11 сард Улаанбаатарын Их дэлгүүрт нээгдэх бол энэ жил Монголд анх нэвтэрсэн No Brand төрөлжсөн дэлгүүрүүдын тоо он дуусахаас өмнө 7-д хүрэхээр төлөвлөгджээ. No Brand-ийн анхны дэлгүүр өнгөрсөн 7 сард, хоёр дахь нь энэ сарын эхээр нээгдсэн байна.

E-Mart-ийн гадаад бизнесийг хариуцдаг Кан Ён-сок "Бид Монгол дахь бизнесээ 10 жилийн туршлагадаа тулгуурлан том, дунд дэлгүүрээс No Brand төрөлжсөн салбарууд руу тэллээ. Цаашид ч орон нутгийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, зах зээлийн нөхцөлд тохируулсан дэлгүүрүүдийг ажиллуулна" гэж мэдэгджээ. Нөгөө талд ийм тэлэлт нь хэрэглэгчдэд сонголт, үнийн өрсөлдөөн авчрахын зэрэгцээ дотоодын жижиг дэлгүүр, сүлжээнүүдэд өрсөлдөөний дарамтыг нэмэгдүүлдэг нь маргаан дагуулсан сэдэв хэвээр байгаа юм.

Та юу гэж бодож байна — гадаадын том сүлжээ дэлгүүрүүд олноор нээгдэх нь хэрэглэгчдэд ашигтай юу, эсвэл дотоодын жижиг худалдаа эрхлэгчдийг шахаж байна уу?

Эх сурвалж: The Korea Herald / ChosunBiz

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?