
Эмч нар Японы судлаачтай хамтран 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарын хооронд 35 өвчтөнд хэвлийн болон уян дуран хосолсон LECS мэс засал хийсэн байна. Бүх мэс засал нээлттэй хагалгаанд шилжилгүй амжилттай дуусаж, хавдрыг эрүүл эдийн захтай нь бүрэн авчээ.
Мэс заслын дараах ноцтой хүндрэл гараагүй бөгөөд дунджаар 17.8 сарын хяналтын хугацаанд хавдар дахих, дахин мэс засал хийлгэх, эмнэлэгт дахин хэвтэх тохиолдол бүртгэгдээгүй аж. Хавдрын дундаж хэмжээ 27 миллиметр байсан бөгөөд 65.7 хувь нь ходоод-гэдэсний стромал хавдар (GIST) болох нь тогтоогдсон байна. LECS нь хавдрыг бага хөнөөлтэй аргаар авч, эрхтний үйл ажиллагааг аль болох хадгалах давуу талтай арга юм.