
Улаанбаатар хот автомашин ачих журмаа шинэчлэн боловсруулж байна. Шинэ төслөөр зөвхөн гол гудамж, замд хөдөлгөөнд саад учруулсан машиныг ачих бөгөөд ачилтын цэгийг 73-аас 35 болгож цөөрүүлэх юм байна.

Харин хороолол, дүүргийн дотор тавьсан машиныг ачихгүй, 102 аппликэйшнээр бүртгэж, жолоочид анхааруулга өгч, машинаа авах боломж олгосны дараа ачих эсэхийг шийдэхээр тусгажээ. Ачилтын явцад учирсан хохирлыг оператор хариуцаж, төлбөрийг байгууллагын дансаар авах бөгөөд одоо нийслэлд 17 ачилтын компани ажиллаж, жолооч нар 70,000–80,000 төгрөгийн ачилтын төлбөр дээр торгууль нэмж төлдөг байна.

"Ачилтыг торгууль, шийтгэл биш, замын хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлын зохистой арга хэмжээ болгохыг зорьж байна" гэж ажлын хэсгийн төлөөлөл Л.Хосбаяр мэдэгджээ.