Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)

2020-10-28  

Би багаасаа спортод дуртай хүүхэд байсан. Миний хамгийн анхны хичээллэсэн спортын төрөл бол волейбол. Баянхонгор аймгийнхаа Биеийн Тамир Спортын хорооны дэргэдэх волейболын дугуйланд хичээллэж байгаад ширээний теннис рүү " урвасан". Нөлөөлсөн шалтгаан нь Монголын Үндэсний телевизийн спортын мэдээ байсан. Нэг орой аавтайгаа Монголын Үндэсний Телевизийн спортын мэдээ үзэж байтал Ширээний теннисний Улсын аварга шалгаруулах тэмцээний талаархи мэдээ сурвалжлага гарсан. Тэр мэдээ маш гоё санагдсан. Ааваасаа энэ спортын талаар лавлатал, - Энэ спорт л миний охинд яг тохирно. Хурд, хараа шаардсан спорт. Эмэгтэй хүн хичээллэхэд тохирсон спорт. Аав нь залуудаа зүүн аймагт ажиллаж явахдаа тоглож байсан гэж аав минь хэлсэн. Тэр оройдоо л волейболын спортыг орхих шийдвэр гаргаж, маргаашнаас нь ширээний теннисний дугуйлангийн эрэлд гарсан.

2001 оны 12 дугаар сарын дундуур, ширээний теннисний сонгонд хүүхэд бүртгэнэ гэсэн зарын дагуу шууд бүртгүүлж, аймгийнхаа төвийн 2 дугаар дунд сургуулийн Л. Энхмөнх багшид шавь орсон. Ширээний теннисний дугуйланд явсан анхны өдрөө л бөмбөгөө давуулж бас авч чадаж байхыг анзаарсан Л.Энхмөнх багш намайг дуудаж аймгийн Спорт хорооны Б. Гантөмөр багшийн удирдах теннисний дугуйланд орохыг зөвлөсөн. Ингэж л миний бие хүссэн спорттойгоо 2002 оны 01 сард золгосон. Ширээний теннистэй хувь заяагаа холбосон нөхөрлөл маань цохиурыг гартаа хэрхэн , яаж барихыг заалгахаас эхэлсэн. Дараа нь намайг бусад хүүхдийн хамт бөмбөгөнд оруулсан. Яагаад ч юм бэ, дугуйлангийн анхны өдрөө л бөмбөгийг маш сайн авч байхыг харсан багш маань;- Чи бол ирээдүйн Монголын аварга гэж хэлж урамшуулж байсан нь санаанд одоо болтол тодхон үлдсэн. Би ч урамшиж, аварга болно гэдэг зорилгыг сэтгэлдээ тээж, теннисний спортоор хичээнгүйлэн мэрийсэн. 2002 ондоо, ширээний теннисний спортоор ердөө гуравхан сар хичээллээд л Баянхонгор аймгийн Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Тэр жилдээ, Өсвөр үеийн Улсын АШТ-ний нэгбүрчилсэн төрөлд гуравдугаар байранд орж, хүрэл медаль зүүсэн нь цаашид теннисний спортоор улам шаргуу хичээллэх итгэл, урмыг өгсөн гэж санадаг. 2003 онд, Улаанбаатар хотод Хүүхдийн спортын II их наадам болсон. Хожим улсын аварга болсон Энхсайхантай хосолж, холимог хосын төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн. Медалиа энгэртээ зүүгээд, хотод эмчилгээ хийлгэж байсан багшийгаа баярлуулахаар эмнэлэгт нь эргэн очсон. 

Бие нь маш тааруухан байсан багш минь баярын нулимс унаган:

- Миний охин хосоор биш, багаар биш, бүр ганцаарчилсан төрлөөр аварга болох ёстой. Чамд тийм авъяас, чадал бий. Багшийнхаа захиасыг заавал биелүүлж нэгбүрчилсэн төрлөөр аварга болоорой. Теннисний спортоо хайрлаж яваарай. Сайн дасгалжуулагч болоорой гэж захиж хэлсэн нь багшийн минь надад хэлсэн сүүлчийн үг байсан.

Би ч энэ үгийг цээжиндээ хадгалсан. 2003 оны зун насанд хүрэгчдийн УАШ тэмцээн Баянхонгор аймагт зохиогдож, хотоос ирж оролцсон ОУХМ Б.Содболор, ОУХМ О. Бадамцоо, спортын мастер н.Оюун-Эрдэнэ, ОУХМ, Ц.Наранцацрал зэрэг улсын аваргуудын тоглолтыг харж, бишрэхийн ялдамд эд нар шиг мундаг тамирчин болно гэх мөрөөдлөөр улам жигүүрлэсэн. Тэр жилийн (2003 ) УАШ тэмцээний үеэр Баянхонгор аймгаас нэг хүүхдийг сонгон авч, хотод сургалтанд хамруулах болсон. Энэ шалгаруулалтанд миний бие тэнцэж, Солонгос улсын иргэн болох Гантуяа багшийн удирдлага дор хичээллэхээр Улаанбаатар хотыг зорьсон. Гэр орноосоо хол, ширээний теннисээр суралцаж байх тэр үед л би тамирчин хүнд байх ёстой тэсвэр тэвчээр, хатуужил , хүнлэг чанар, хүндлэх, хүндлүүлэх ёсыг сурсан гэж боддог. Мэдээж гэрээс холдож үзээгүй айлын танхил охин миний хувьд анх удаа олон сараар гэр орон, аав, ээжээсээ хол байх нь мэдээж амар байгаагүй. Алтанхуяг багш дугуйланг удирдана. Би багын л их хор шартай хүүхэд байж. Хожигдох тоолондоо л уйлна.

Намайг уйлахаар Солонгос багш Гантуяа дэргэд минь ирж: - Энэ ертөнцөд хүн болж төрснийх дандаа уйлж болохгүй. Сувдаа чи амьд явах үедээ ердөө гуравхан л удаа уйлах ёстой.1. Аавыгаа бурхан болоход 2. Ээж чинь бурхан болоход 3. Том болоод хань ижилтэй болоод, түүнийгээ алдах үед. Энэ гурван үед л уйлах ёстой гэж сургадаг байсан.

Одоо бодоход хатуужил, амьдралын ухаан, тэсвэр суулгаж байж. Аав маань Баянхонгор аймгаас хааяа нэг багшийн дугаар луу залгаж надтай холбогдоно.

Тэгснээ нэг удаа: - Миний охин гэрээ жаахан санаад байгаа юмаа даа. Ингэхэд Баянхонгор аймагт ширээний теннисний гадаад багш ирсэн байна. Сайн багш гэнэ. Миний охин аймагтаа ирэх юм уу? гэж асуух маягаар намайг гэр орондоо ирэхийг ятгах нь тэр. Тэр гадаад гээд байсан багш нь, теннисчдийн дунд " Чех шар" гэж алдаршсан Д. Энхбаатар багш маань байж билээ. Намайг хотод байх, 2003 оны өвөл Санжмятав багшийн нэрэмжит тэмцээнд Баянхонгор аймгаас теннисчид ирж, тус тэмцээнд амжилттай оролцоод буцсан нь миний хувьд нутаг буцах том шалтгаан болсон юм даг.

 

2012 он. Эрдэнэсувдын оргил жил. Энхбаатар багшийн удирдлага дор Баянхонгор аймгаас анх удаа Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга төрсөн. Тэр бол спортын мастер, багаасаа моринд гарамгай, шар хортой Эрдэнэсувд байлаа

Ингээд 2004 оны эхээр Баянхонгор аймгийн Хонгор нутаг ширээний теннисний клубт эргэн хичээллэж эхэлсэн. 2004 оны хүүхдийн баярын нэрэмжит Баянхонгор аймгийн тэмцээнд оролцож , хожигдож, шарандаа уйлж, тухайн үедээ л ёс бус зан гаргасан учир ширээний теннисний клубээсээ хөөгдсөн.

Энхбаатар багшаас :- Хонгор нутаг чамаар дутахгүй гэдэг үг сонсоод цүнхээ үүрэн, баярын өдөр нулимс дүүрэн гэрлүүгээ алхаж байсан минь хамгийн том сургамж болсон. Намайг клубээсээ хамаг юмаа хумиад явах үед багш минь " ингээд теннисээ орхичих вий дээ? гэж дотроо маш их эмээж байсан ч удалгүй дугуйландаа буцаад ирэхэд нь зориуд нүүр өгөөгүй. Баярласандаа нулимс гарах шахаж байсан ч түүнийгээ нууж чамайг зандарч билээ гэж хожим намайг Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга болсны дараа л надад дуулгаж билээ. Би богино хугацаанд амжилтанд хүрсэн шигээ, богино хугацаанд Монгол улсаа төлөөлөх тамирчин болсондоо баярладаг. 2005 онд насанд хүрэгчдийн Дэлхийн АШТ оролцох тамирчдын сонгон шалгаруулалтад Баянхонгор аймгаас ирж оролцож эхний тавд орон шалгарч, Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тавдугаар ракетаар БНХАУ-ын Шанхай хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцсон. Теннисээр гуравхан жил хичээллээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадсан нь миний хувьд маш том амжилт, зорилгынхоо төлөө тууштай явсны төлөө надад ирсэн шагнал гэж боддог. Сайн дасгалжуулагч багш болоорой гэж захисан багшийнхаа захиасыг биелүүлж, 2005 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон. Хотод суурьшсан тэр цагаас Монголын ширээний теннисний шигшээ багт багтаж, С.Галбадрах, Т. Энхтөр багшийн удирдлага дор хичээллэсэн. Мөн 2008,2009 онуудад " теннисийг сэтгэлээсээ дэмжигч, нутгийн ах Г.Даваасүрэн ахын " Өег" компанийн тамирчин болж, спортын мастер Мөнхсайхан, Цэнджаргал багшийн сургуулилт дор нэмэлт бэлтгэл хийсэн нь миний амжилтанд маш том нөлөө үзүүлсэн гэдэгт би итгэдэг. Би өнөөдөр өөрөө багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа ч өмнөх багш нарынхаа сургаалыг ямагт санадаг.

-Чи бол ирээдүйн аварга гэх Гантөмөр багшийн урмын үг.

-Чиний тоглолтыг хараад суухад хамгийн бахархалтай байдаг гэж ямагт хэлдэг Энхбаатар багшийн дэмжсэн үг.

- Чиний өнөөдрийн хөлсөө гаргасан бэлтгэл өнөөдрийн тэмцээнд амжилт авчрахгүй байж болно. Гэхдээ хоёр , гурван жилийн дараа чи үр дүнг нь хүртэх болно гэж Энхтөр багш хэлж сургаж ирсэн. Багш нарынхаа урмын үгээр би өөрийгөө хөглөж ирсэн, одоо шавь нартаа ч ийм үг хэлэх, сургах дуртай. Ер нь багш, тамирчин хүнд нэг ижил зүйл байна. Тэд хэзээ ч амардаггүй хүмүүс юм. Амралт гэдгийг мэддэггүй. Би амьдралдаа амралт гэдгийг үзээгүй, амралтын хоёр өдөр байдаг гэдгийг мэддэг ч, амарч үзээгүй. Надад амралтын өдөр байгаа ч үгүй. Тамирчин, багш хүний л хувь заяа юм байх. Амралтын өдөр тохиолдвол улам л бэлтгэлээ хийнэ. Одоо бол хүүхдүүдээ бэлдэнэ . Тамирчин байхад голдуу л бүх тэмцээн амралтын өдрүүдэд зохиогдоно. Түүнд оролцоно Тэмцээнгүй үед хувийн бэлтгэл, сургуулилалтаа хийнэ. Ганцаарчилсан, биеийн болон, тактикийн сургуулилтаа давтана. Кросонд гүйх, давуулалт давтах бол теннисчиний ганцаарчилсан бэлтгэлд хамаарна. Энэ хоёрт би ихээхэн анхаарч, бэлтгэлээ базаасны үр дүн нь 2012 оны Монголын Бүх ард түмний их наадмаар гарсан. Тус тэмцээнд түрүүлэхэд миний давуулалт чухал үүрэг гүйцэтгэсэн. Олон ч оноог давуулалтаар болон давуулалтаас залгах довтолгооноос авсан байдаг. Тэр жилийн Бүх Ард Түмний Спартакиадын финалд спортын дэд мастер Анхааг буулган авч түрүүлсэн. Өмнө нь Улсын АШТ-нд дөрвөн удаа дөрөвд шалгарч, олон удаагийн медалиас мултарсан туршлага маань алтан медаль болж хувирч ирсэн байх. Тамирчин хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол тогтмол тэмцээн уралдаан. Тиймээс би долоо хоног бүр шавь нарынхаа дунд сорилт тэмцээн хийдэг.

ОУХМ, Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга Бямбаа овогтой Эрдэнэсувд нь Баянхонгор аймагтаа " Хонгор нутаг" ширээний теннисний дасгалжуулагч багшаар ажилладаг.

Дурсамж бичсэн Бямбаагийн ЭРДЭНЭСУВД( 2012 оны Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга, 2013 оны Монгол Улсын АШТ-ний мөнгөн медальт)

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
шавь нь :миний багш үнэхээр мундаг юмаа. Тань шигээ мундаг багш, бас мундаг аварга тамтрчин болно. 2020-10-28
zochin:Daichin mundag bvsgvi shvv nz. 2020-10-28
Шавь :Багшаа та үнхээр мундаг юм аа би чаасад тань шигээ мундаг аврага тамирчин болно. 2020-10-29
Шавь Эрдэнэсолонго :Мундаг багшдаа цаашдын ажил үйлсдэн амжилт хүсэе 2020-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?