Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)

2019-12-05  

12 настайдаа, Старс клубт орж, С.Галбадрах, Гантөмөр багшийн удирдлага дор ширээний тенниснээр хичээллэж эхэлсэн маань Монголын ширээний теннисний хүчирхэг гэр бүлийн гишүүн болох замыг зассан. Тэр үед тэмцээн уралдаан, сорилт цөөнгүй болдог байсан. 2002 онд, теннисээр дөнгөж хичээллэж эхлээд дөрвөн сар өнгөрч, овоо дөртэй болж байтал Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд өөрийн насны ангилалд гуравдугаар байр эзэлсэн нь миний анхны хамгийн том, мартагдашгүй амжилт байсан. Маш ч их урам зориг орж, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн санагдана. Хүүхэд байсан болоод ч тэр үү, хөөрч, ширээний теннистээ улам ихээр дурласан. Теннисээр хичээллээд дөнгөж нэг жил болж байтал, 2003 онд, БНСУ-ын иргэн, 1988 оны Сөүлийн олимпийн дан хос тоглолтын аварга Яан Ен Жа дасгалжуулагч багшаар ажиллахаар гэр бүлийн хамт Монголд ирсэн. Олимпийн аварга, мэргэжлийн тоглогчоор теннис заалгах хувь тамирчин бүрт оногдохгүй. Одоо бодоход , бидний аз гийж, бурхан бидэнд Яан Ен Жа багшийг илгээжээ. Үүнээс илүү аз завшаан гэж байхгүй. Яан Ен Жа багш маань эх хүний хувьд бидэнд ээж шиг минь ханддаг байсан. Ихийг ч сургасан. Чанд хатуу сахилга батыг сахиулах, бэлтгэл сургуулилтыг ачаалалтай хийлгэх явцад үе үе шантрах тохиолдол гарч байсан ч , улам хатуужиж, ачаалал даах болсон. Багшийнхаа заавар зөвлөгөөг дагаж, бэлтгэл сургуулилтаа үр дүнтэй хийсний дүнд 2007 онд, Монголын хүүхдийн Их Наадамд ганцаарчилсан, баг, дан хосын төрөлд тэргүүн байр эзэлж чадсан. Багш маань Монголд ажиллах томилолт нь дуусаж, хил залгаа, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Оронд дасгалжуулагчийнхаа ажлыг үргэлжлүүлсэн. Багшаас хойш, 2009 оноос эхлэн нийслэлийн 31-р дунд сургууль дээр байрлах Ширээний теннисний "Шинэ эргэлт" клубт харьяалагдаж, Б.Цэрэнтогтох, Л.Баярмагнай багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийх болсон. Цомхон хэрнээ, халуун дулаан уур амьсгалтай, сайхан хамт олны дунд бэлтгэл сургуулилтаа базааж, 2009 онд, Монголын ширээний теннисний 50 жилийн ойн тэмцээнд Номин-Эрдэнэд хожигдон дэд байр эзэлсэн нь насанд хүрэгчдийн тэмцээнд үзүүлсэн томоохон амжилтын эхлэл болсон байдаг.

Яан Ен Жа багш маань дэлхийн томчуудын нэг. Дэлхийн АШТ-ээр түүнтэй уулзаж болох. Германы Дюсселдорф хотод болсон ДАШТ-ий үеэр багштайгаа уулзсан. Энэ Дэлхийн аваргаар Алтантулга( нэгдүгээр ракет) Лхагвасүрэн ( хоёрдугаар ракет), Билэгт, Баатарсүрэн, Батдэлгэр ( гуравдугаар ракетийг ээлжилсэн) нараас бүрдсэн Монголын эрэгтэй баг Д хэсэгт түрүүлж, Дэлхийн аваргаас анхны медалийг эх орондоо авчирсан.
Эргээд бодоход олон тэмцээнд уралдаанд оролцож байж. Түүний дундаас 2013 оны МШТХ-ны Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн сургамжтай нь. ОУХМ, улсын хоёр удаагийн аварга Б.Баярмагнай, ОУХМ улсын хоёр удаагийн аварга ( тухайн үед) Я.Бэгз, Сосорбарам, Цацралтуяа бид тав нэг баг болсон байлаа. Миний тоглолтоос багийн амжилт хамаарах. Хожвол хүрэл, хожигдвол хоосон хоцрох. Залуу тамирчин Анхаад тактикийн алдаа гарган хожигдож багийн амжилтаа доош нь татаж, дөрөвдүгээрт 4-р байр луу багаа чирсэн. Мэдээж, багийн ахлагч Баяраа, тоглогч Бэгз ах нар надад уурлаж, ихэд зэмлэж , би бөөн бөөн нулимс асгаруулан заалыг орхисон. Хэдийгээр Лигийн тэрхүү тэмцээн миний хувьд харуусал дүүрэн, нулимстай өндөрлөсөн ч, асар их сургамж үлдээсэн. Тамирчин хүний хувьд намайг маш ч их хурцалж, хор шарыг ч хөдөлгөсөн. Юм учиртай гэж тэр л байх. Тэр сургамж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргах түлхэц ч болсон гэж санадаг.

2010 оны Дээд Лигт багаараа түрүүлсэн. Баярмагнай, Мишээл ( дэд мастер) Батзориг, Энхжин, Цэрэнтогтох багш
Тэр ондоо, 2013 оны Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний нэгбүрчилсэн төрөлд, өмнөх жилийн Спартакиадын аварга Эрдэнэсувдтай финалдаж, 4:2-ын харьцаагаар хожиж, тэргүүн байр эзэлж Улсын аврага болсон. Тамирчин хүн бүрийн туйлын мөрөөдөлд хүрч, Л.Баярмагнай, С.Галбадрах, Цэрэнтогтох багш нарынхаа ачийг амжилтаар хариулж чадсандаа баярладаг.

Хятад улсын Шэнжээн хотод зохиогдсон Оюутны Универсиадад оролцсон Монголын баг. Урд эгнээнд:Улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, улсын 4 удаагийн аварга Л.Алтантулга, улсын аварга З.Төрболд, Арын эгнээнд: багийн ахлагч Баярмагнай, Ганбаяр, Амгалан, дэд мастер Баярмаа, Оргил, Цэрэнтогтох, Агьзул, Цэндмаа, Энхжин, Номин-Эрдэнэ
Би багш нартаа талархаж явдаг. Сайн багштай байх хувьтай хүн юм гэж ч боддог. Миний ур чадварыг дээшлүүлэхэд нөлөөлсөн хүн бол Хойд Солонгос улсын шилдэг тамирчин, дасгалжуулагч багш Чой Ён Хо . 2013онд Хойд Солонгос Улсаас Чо Ён Хо багш Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч О.Чулуунбатын урилгаар ирж, үндэсний шигшээ багийг бүрдүүлэн, биднийг дасгалжуулсан.

2013 он. Энэ жилийн Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний нэгбүрчилсэн тѳрѳлд Энхжин (эмэгтэйчүүдэд) Лхагвасүрэн (эрэгтэйчүүдэд) түрүүлсэн байдаг. Тэд бол нэг үеийнх. Эрэгтэйчүүд нь 10 түрүү авсан бол эмэгтэйчүүд нь 11 түрүү авсан байдаг.

Миний бие бусад тамирчдын хамт " ОЧ" төв клубт байрлаж, Чо Ён Хо багшийн системтэй сургалт, удирдлагын дор нэг жил шаргуу, шахуу бэлтгэл хийсэн. Монголын ширээний теннисчидийн ур чадвар ихээхэн дээшилж, баг жигдэрч, хүчирхэгжсэн. Үр дүн нь ч гарсан. Яг нэг жил системтэй бэлтгэл хийж, 2014 онд, Япон улсын Токио хотод зохиосон Дэлхийн Аварга Шалгаруулах багийн тэмцээнд Монгол улсын эмэгтэй баг 57 дугаар байрт шалгарч дээд амжилт тогтоосон юм. Нийт 95 орон тус тэмцээнд оролцож, багийн амжилтаа урагшлуулахад хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг.
Ширээний теннисний спортоор хичээллэж амжилт ололтын эзэн болохоос гадна, маш сайхан хамт олон, маш том гэр бүлийн нэг гишүүн болсноороо ямагт олзуурхдаг.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэргүй:Сайхан дурсамж байна. Энхжиндээ сайн сайхныг хүсье 2019-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?