Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 3/

2019-12-04  
Хоёр зуун дамнасан аварга. Аварга Сүхбаттай ижил 1999, 2000 онд тэрбээр түрүүлж байсан. Сүүлийн 4 жил УАШТ-д шилдэг дөрвөн тамирчны нэгээр шалгарч буй тоглогч. -Баярмагнайг насаар ах ч, дахиад түрүүлэхийг огт үгүйсгэхгүй гэж улсын 4 удаагийн аварга Я.Бэгз нөхрөө үнэлсэн байдаг.
               1993 оны намар, 10 настайдаа хуучнаар 96-р сургууль дээр хичээллэж байсан МОН-СОЛ клубт Д.Санжмятав багшид шавь орон ширээний теннисний "А" үсгээ заалгасан тэр цагаас л энэ спортдоо дурлан шимтсэн. Теннисээр хичээллэж эхэлснээс ердөө 10 сарын дараа буюу 1994 оны 6 -р сард зохиосон БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээнд өөрийн насанд түрүүлж анхны гадаад явах тэмцээний эрхээр шагнуулсан тэр агшиныг хэзээ ч мартахгүй. Анхны томоохон тэмцээндээ түрүүлсэн болоод ч тэр үү, сэтгэлд тод хадгалагдан үлдсэн байдаг. Тэр жилийнхээ 8 -р сард Япон улсын Осака хотод болсон Зүүн Өмнөд Азийн Өсвөрийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Д.Санжмятав багш болон МУ-ын 5 удаагийн аварга Т.Болд нарын удирдлага доор оролцсон. Тус тэмцээнд хожим Афины олимпын аварга болсон Солонгос улсын тамирчин Юү Син Мин түрүүлж билээ. Уг тэмцээний үеэр Юн Сог Рён солонгос багштайгаа уулзах хувь тохиосон нь миний хувийн амьдралд ч, теннисний минь карьерт ч ихээхэн өөрчлөлтийг авчирсан.
Зүчи, Баярмагнай нар теннисчин болоогүй бол загвар өмсөгч болох байсан байх. Японд зохиогдсон ДАШТ-ий үеэр орой болохоор л энэ хоёр өрөө рүү утасдана. Цоо эгчээ унтах болоогүй биз дээ. Бид хоёр орлоо гэнэ. Тэгээд л өдөртөө худалдан авсан шорт , футболкаа өмсөн загвар өмсөгч шиг өрөөнд нааш цааш алхална. Тэгснээ гүйж гарснаа, дахиад л өөр хувцас өмсөөд ороод ирнэ. Маш хөгжилтэй. Яг л загвар өмсөгчид шиг авирлаж байсан гэж "Аваргууд хамтдаа" нэвтрүүлэгт оролцохдоо улсын аварга Бадамцоо дурссан байдаг.
 
            Багштайгаа уулзсанаас яг жилийн дараа буюу 1995 оны зун БНСУ-руу найз А.Зүчийн хамт Кимпо Хотын Ха-Сон ширээний теннисний бага сургуульд суралцахаар очсон нь энэ хүний дэмжлэг, надад итгэсэн итгэл байсан юм. Дашрамд дурьдахад Юн Сог Рён багш маань Зүч бид хоёрыг өөрийн гэртээ бүтэн жил амьдруулж, яг л өөрийн хүү шигээ асран, солонгос хэл сурган, ширээний теннисний системтэй бэлтгэл хийлгэсэн. Одоо бодоход, намайг их спортод тэр үеэс л бэлдэж байжээ. Бурхадтай таарснаар намайг ширээний теннисний бурхан тэнгэр ивээлдээ авсан байх гэж ч бодогддог. Миний амьдралд заяагдсан тэдгээр амьд бурхад бол Д.Санжмятав , Юн Сог Рён багш нар юм.
Жилийн дараа Монголд буцан ирэхэд, БНСУ-ын Залуучуудын Шигшээ Багийг удирдаж буй Пак Жи Хён буюу теннисчдийн хэлдгээр Пак багш Монгол улсад дасгалжуулагчаар ажиллахаар ирсэн байсан. Энэ туршлагатай багшийн удирдлаган доор бэлтгэл хийнэ гэдэг аз гийхтэй адилхан. Стандарт өндөр, системтэй, маш үр дүнтэй, өгөөжтэй бэлтгэлийг тууштай хийлгэж байсны үр дүнд богино хугацаанд манай клубын тамирчид жигд сайжирсан. Сайн хүнийг дагавал сарны гэрэл гэдэг шиг энэ хүнээс маш их зүйлийг сурч авсан. 1999 онд 16 настайдаа анх Монгол УАШТ-ний ганцаарчилсан төрөлд түрүүлэн алтан медаль авч монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аварга хэмээн бичигдсэн. Мөн 2000 онд УАШТ-ний ганцаарчилсан төрөлд хоёр дахь удаагаа түрүүлж улсын хошой аварга болсон нь Пак багшийн маань гавьяа зүтгэл. Залуучуудаас насаар ах ч, УАШТ -д өнөөдрийг хүртэл зодоглож, амжилт буурахгүй байгаа нь миний бурхан мэт багш нарын зааж өгсөн техник, арга барил, зөвлөгөө, сургамжийн үр өгөөж юм.
Тамирчины хувьд бахархалтай мөчөө дурсахад, 2001 оны Япон улсын Осака хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн санаанд буудаг. Монголын эрэгтэй баг тамирчид энэ ДАШТ-д түүхэн өндөр рекорд тогтоож билээ. Бид 98 орны баг тамирчдаас 57-рт анх удаа жагссан түүхэн амжилтыг үзүүлсэн. Уг тэмцээний багийн ахлагчаар улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир буюу Гэмбээ ах удирдаж явсан. Эрэгтэй баг бүрэлдэхүүнд миний бие, мөн одоогийн холбооны нарийн бичгийн дарга улсын 3 удаагийн аварга ОУХМ С.Галбадрах, улсын аварга ОУХМ Т.Энхтөр, улсын  4 удаагийн аварга ОУХМ Я.Бэгз, спортын мастер А.Зүчи, харин эмэгтэй багийн бүрэлдэхүүнд улсын  аварга ОУХМ О.Бадамцоо, улсын  аварга Ц.Оюун-эрдэнэ, улсын  аварга Лхагвасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Монголын эрэгтэй , эмэгтэй хоёр баг хоёулаа өндөр амжилт гаргасан. Эрэгтэй багийн хувьд Латви, Литва, Казахстан гэсэн улсуудтай нэг хэсэгт орж Литва, Казахстан хоёр улсын шигшээ багийг хожиж хэсгээсээ хоёроор шалгарч, дараагийн шатанд Ирланд, Ираныг дараалан хожиж, Пакистаны багт хожигдсоноор тоглолтоо өндөрлөсөн байдаг. Миний бие ганцаарчилсан төрөлд Аргентины тамирчинг хожиж, дараагийн шатанд Польшийн тамирчинд хожигдож байснаа санаж байна. Энэ ДАШТ-д тогтоосон Монголын теннисчидийн түүхэн амжилтанд өөрийн хувь нэмрээ оруулж чадсандаа тамирчин хүний хувьд ямагт бахархдаг.
Улсын аваргын төлөө хүчээ хүч үзэж буй дөрвөн үеийн теннисчидийн төлөөлөл. Баярмагнайн үед улсын аварга Бэгз ордог. Баярмагнай улсад 2 түрүүлсэн. Бэгзтэй нийлээд улсын аваргаас 6 түрүүг авсан. Лхагвасүрэнгийн үе одоогоор хамгийн олон түрүүг авсан. Лхагвасүрэн, Алтантулга нар тус бүр 4 түрүү, Энхсайхан, Төрболд нар тус бүр 1 түрүүг авснаар 10 удаагийн аваргыг Лхагвасүрэнгийн үе эзэмшдэг. Дараагийн үе Билэгтийнх. Чинзориг, Ананд нар багтдаг. Энэ үеэс Билэгт хоёр түрүүг хүртсэн. Залуу үеийн төлөөлөл Эрдэнэбаяр. Дарханд болсон улсын АШТ-ээр залуу үе өөрсдийгээ зарлан гарч ирсэн. Финалд 15 настай Эрдэнэбаяр гарч, Лхагвасүрэн аваргад 3:0-ээр хожигдож мөнгөн медаль дээр бууж байсан. Тэр жилийн улсын аваргаар Чулуудай, Батдэлгэр нар хүрэл медаль хүртсэн. Эдний үед Мөнхзориг, Сэр-Од, Тэмүүлэн нарын олон шилдэг тамирчид өрсөлдөж буй.
Солонгосын сэтгүүлийн нүүрийг хүүхэд ахуйдаа чимж байсан Баяраа, Зүчи нар гэрт нь өссөн Юн Сог Рён багштайгаа өнөөг хүртэл байнга холбоотой. Баяраагийн оролцсон Монголын топ-12 эрэгтэй теннисчиний тоглолтыг ч багш нь үзэж сонирхохоор ирсэн. Түүний хамт Ази Тивийн ШТХ-ны техникийн асуудал эрхэлсэн Пак мөн зочилсон.
2018 оны Индонез улсын Жакарта хотод зохиогдсон Азийн наадамд Б.Баярмагнай багийн дасгалжуулагчаар оролцсон нь. 
                 
                2001 -2009 оныг БНСУ-д сурч боловсроход зориулсан. МШТХ-ны 50 жилийн ойгоор эх орондоо буцан ирж, сүүлийн 10 жил теннисээ идэвхтэй тоглож байна. Амьдралын маань 27 жилийг надтай хамдаа үзэж буй жижиг цагаан бөмбөг болон ракетандаа би хайртай. Миний мөрөөдөл бол Монголын залуу теннисчид дэлхийн шилдэгүүдтэй мөр зэрэгцэн тоглодог болох, түүнд нь өөрийн хувь нэмрээ оруулах хүслийг тээж явдаг.
Дурсамжаа өндөрлөж, Монголын үе үеийн тамирчид болон нийт ширээний теннисчиддээ 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.
 
 
 
 
Тайлбарыг бичсэн, найруулсан Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Begz:****n niitlel bolson bna monhortoo tsaashdiin sportiin zamnal bolon ajil torol ni oodrog baij eruul enh hamgiin sn ****niig husen erooe 2019-12-04
Энхбат:Аваргуудын дурсамж цувралыг control.mn, sportlife.mn сайтаар хүргэж буй Галбадрах, Отгонжаргал, Баяраа нарын аваргуудын дурсамж одоохондоо хүрээд буй. Над руу дурсамжаа явуулбал, сайхан найруулж, нягтлаад ѳгнѳ шүү. 2019-12-04
Дэлгэрмаа:Монголын ширээний теннисний хөгжлийн төлөөлөл болсон тамирчдынхаа дурсамжийг найруулан бичиж бу****д түгээж байгаа Энхбатдаа баярлалаа. Мөн авьяаслаг тамирчин Баярмагнай дүүдээ ширээний теннисчдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэхэд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 2019-12-04
Цогт:Сайхан дурсамж байна шүү Бага нас манаанд оров шд 2019-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХЭРХЭН НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ЗѲВ ВЭ?