Америкийн Харвардын их сургуулийн мэргэжилтнүүд инсулин ялгаруулдаг эсийг ургуулжээ. “The Daily Telegraph” сайтад мэдээлснээр, эрдэмтэд шилжүүлэн суулгахад шаардлагатай эсийг олон саяар ургуулж чадсан байна. Шинжлэх ухааны энэ ололт нь чихрийн шижинтэй хүмүүсийг өдөр бүр инсулин тарих шаардлагагүй болгоход ихээхэн найдвар тавьж байгаа юм. Хүү Сэмд нь чихрийн шижин өвчний онош тогтоогдсоноос хойш профессор Даг Мелтон ийм судалгаа явуулахад мөн уг өвчнийг анагаах эм эрж хайхад амьдралынхаа 23 жилийг зарцуулжээ. “Туршилтаа дуусгахад бидэнд нэг алхам үлдсэн. Боломжтой гэж үргэлж бодож байсан зүйлээ бид хийж чадахаа мэдсэнд таатай байна” гэж тэр хэлсэн байна. Одоогийн байдлаар эсүүдийг амьтанд туршиж байгаа бөгөөд анхны суулгасан эсүүд шилжүүлэн суулгаснаас хойш инсулинийг хэдэн сар ялгаруулж байгаа ажээ. Инсулин ялгаруулдаг эс гарган авахын тулд эрдэмтэд үр хөврөлийн тулгуур эсийг ашиглаж байгаа аж.
Х.ЭГШИГЛЭН