МАН-ЫН БАГА ХУРЛААР ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛНА

2017-09-18  

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 11 хонож байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдах Засгийн газартай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байв. 

БАГА ХУРЛААР ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛНА

МАН дотроо Засгийн газрын томилгоотой холбоотой асуудлыг ихэд нухацтай хэлэлцэж байна.  Аль нэг бүлэглэл, фракцаа гомдоохгүй тохироог хийж чадаж гэмээнэ МАН-ын хагарал намжиж мэднэ.  Мөн шинээр байгуулагдах Засгийн газар урт настай байж болно.  Ийм гарцыг хайсан МАН-ынхан Засгийн газрын асуудалд нэг их яаравчлахгүй байгаа бололтой.   Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газартай холбоотой асуудлыг хэлэлцэх талаар мэдээлэл байсан ч тэд бага хурлын товоо зарлаад тарав. Бага хурал энэ сарын 25-нд болох бөгөөд энэ үеэр  Ерөнхий сайдаа тодруулна.  Улмаар  намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдыг баталж, эхний арав хоногт багтаан салбарын сайд нараа томилох шийдэлд хүрчээ. Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Н.Энхболд нарын нэр яваа талаар албан бус мэдээлэл бий.  Мөн нам доторх хагарлаа намжааж, бялуу хуваалтаа адил тэнцүү байлгахын тулд яамдын тоог хоёроор нэмэх талаар ярьжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг салгаж, Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.  Мөн Боловсролын яамыг үлдээж,  Соёл, спортоо тусгаарлах гэж байгаа бололтой. Ингэж  яамдын тоог нэмж, төрийн албыг данхайлгах нь нэгэнт нэр хүнд нь унаад буй  МАН-ынхны хувьд хэр оновчтой шийдэл юм бол доо. Ямартай ч эрх баригч намынхан өнгөрсөн долоон хоногт Засгийн газрыг хэнд өгч, хэн хэнийг сайд болгох вэ гэсэн бялуу хуваалттай өнгөрөөлөө. Энэ долоо хоногт ч тэдний хуваарилалт үргэлжилнэ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ БАТЛАХЫГ ШААРДЛАА

Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс Ерөнхий сайдыг яаралтай батлахыг шаардаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан баригт Ерөнхийлөгч   УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.  “Намрын ургац хураалт,  өвөлжилтийн бэлтгэл, мал, амьтны гоц халдварт өвчний тархалт,  2018 оны Улсын төсвийг хэлэлцэх  хариуцлагатай цаг үед Засгийн газаргүй  байгаа нь нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна. Тиймээс ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж, шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.  УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 22-ноос өмнө хуралдуулах саналтай байна” хэмээн албан бичигт өгүүлжээ. УИХ дахь АН-ын бүлгээс ч өнгөрсөн долоо хоногийн эхэнд УИХ-д Ерөнхийлөгчтэй адил утгатай албан бичгийг  хүргүүлээд байсан юм.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАВ

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт хуралдлаа.  Хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан юм. Тухайлбал, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлав.  Мөн цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журам, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг батлав.  Энэ дундаас Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцалсан нь олон нийтэд нэлээд таалагдсан шийдвэр байв. Ингэснээр нэр бүхий  аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрөл хүчингүй болж байгаа юм. Цагдаагийн алба хаагчдын тухайд тэтгэвэрт гарахын өмнөх тэтгэмж нь сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор болсон юм. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?