МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Ерөнхий сайд хэн байхыг тодруулах учир энэ бага хурлын ач холбогдол өндөрссөн. Бага хурлын гишүүдийн үнэ цэн ч хадсан. Санал бүр үнэтэй. Энэ бол Засгийн эрхийн төлөөх нам доторхи тэмцэл. Үнэндээ УИХ -ын сонгуультай зүйрлэм үйл явдал МАН дотор өрнөж байна. Хэдийгээр өрсөлдөөн нам дотроо хэдий ч олонхи болж чадсан тал нь эрх мэдэлд хүрч, Засгийг удирдана. Тиймээс М.Энхболд ба түүний багийг огтхон ч басаж болохгүй. Хотын фракцийн сүлжээ хүчирхэг. Ирж буй мэдээллээр, МАН-ын хоёр том бүлэг фракцийн толгойлогчоос хальж, гишүүд нэг бүртэй тулж ажиллаж байна. Хөдөө орон нутгийг зорих, орон нутагт нь гишүүдээ "боловсруулах" ажил нэгэнтээ жигдэрсэн. Одоо аль аль тал гишүүдээ эцэслэн багцлах үлдсэн.
Ойрын өдөр хоногт МАН-ын бага хурлын гишүүд нойр, хоолоо хасан зүтгэх нь нэн тодорхой. 25-ны өдрийн бага хурлаар эцсийн шийдвэр албажиж гарах боловч, 24-ний шөнө л асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж улс төр судлаачид дүгнэж байна. Ерөнхий сайд хэн байхаасаа илүүтэйгээр, намын цаашдын хувь заяа бага хурлын гишүүдийн санааг ихээр зовоож буй гэх мэдээллийг ойрын эх сурвалж мэдээлж байна.
Засгаа унагаж дөнгөсөн У.Хүрэлсүх ерөнхий сайд болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд МАН-ын хагарал хуваагдал болж гүнзгийрэх, шинээр бүрдэх засгийг дахин унагах, тэгснээрээ улс төрийн тогтворгүй байдал дахин даамжрана гэж цөөнгүй гишүүд урьдчилан таамаглаж, улмаар болгоомжилж эхэлжээ.
Бодит үнэнд ойртох энэ дүгнэлт нь У. Хүрэлсүхийн ерөнхий сайд болох шаансыг даржээ гэж ажиглагчид дүгнэж байна. Гишүүд, фракцын уулзалт нь Ерөнхий сайдаа хийгээд Засгаа аваад явчих, дээр нь намаа тараачихгүй хүний эрэлд хүргэжээ. -Гишүүдийн дийлэнх хоёрхон хүн дээр тогтож, нэгдэж эхэлсэн. Нэр цэвэр, шударга, зарчимч гэсэн тодотголтой Н. Энхболд, Ө.Энхтүвшин хоёр. Энэ хоёрын хэн нь ч ерөнхий сайд болсон засаг ч , улс төр ч тогтвортой байхын баталгааг харж байна гэж намын гишүүдийн олонхи нь үзэх болсон байна. Хоёр "Э"-гийн хувьд нас чацуу, мэдлэг, туршлага ойролцоо, аль аль нь хүнтэй ажиллах арга барилыг сайтар эзэмшсэн. Удирдахуйн арга ухаанд мэргэшсэн, намын бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэгтэй гишүүд нь маргахгүй байна. Н.Энхболдын хувьд Засгийн газарт багтаж, гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бол Ө.Энхтүвшингийн хувьд хоёр ч удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан. Боловсролын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. Ө.Энхтүвшингийн хувьд намын даргаар ажиллаж байсан давуу тал бий. Сэтгүүлч Ц.Ганболдын бичсэнээр цаг үеийн дуудлагаар манлайлагч болооч гэсэн урилгыг МАН-ын бага хурлын гишүүд хоёр "Э"-гийн хэнд нь гардуулахыг хүлээхэд гуравхан хоног үлдлээ.
Ц.ХИШГЭЭ