2017 ОНЫ III УЛИРЛЫН "МОНГОЛБАНКНЫ ЭССЕНИЙ ТЭМЦЭЭН"-НИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2017-10-13  


Монголбанк эдийн засгийн болон ерөнхий сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна.

2017 оны III улирaлд “Боловсрол гэж юу вэ? Боловсрол таны амьдралд болон улс орны хөгжилд хэр чухал вэ?” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг 2017.08.10 - 2017.09.28 хооронд зохион байгуулж, шалгаруулалтыг хийж дуусгалаа.

Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

Мөн оролцогчдын тоог харгалзан үзэж тусгай байрын шагнал олгохоор болсон бөгөөд дараах гурван оролцогчийг ном худалдаж авах эрхийн бичгээр урамшуулахаар боллоо.

  • IV байр: оролцогч Ц. Ууганцэцэг (68.0 оноо), Б. Мөнхзул (67.2 оноо), Б. Мөнхдалай (65.5 оноо)

Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Цаашид "Монголбанкны эссений тэмцээн"-ийг Тѳв банкнаас олон нийтэд хандсан нэр хүндтэй үйл ажиллагаануудын нэг болгохоор зорьж байна.

Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэнд уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эх хувиар нь хүргүүлж байна.

 Тэргүүн байр: Ц. Сэргэлэнбуян /МУИС-Шинжлэх ухааны сургуульд суралцаж буй оюутан/

 Амьд явах, амьдрах гэдэг нэг ёсны тэмцэл, тэмцлийн үр дүн дэх хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Энэ тэмцэл бол зэвсэгт тэмцэл бөгөөд хүн ямар ч зэвсэг ашиглаж болох боловч хамгийн хүчирхэг зэвсэг бол боловсрол юм. Гэвч боловсрол гэгч чухам юу вэ? Ямар нэг үнэмлэх, гэрчилгээ, диплом уу? Бүр эсвэл ердөө л өдөр бүр сонсдог хэрэгтэй хэрэггүй мэдлэг, мэдээлэл, туршлага уу? Боловсрол гэдэг ерөнхий утгатай, өргөн хүрээтэйдээ ч тэр үү нэгдмэл нэг ойлголт байдаггүй, хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.

 Миний хувьд боловсрол гэдэг нь хүн гэх байгалийн амьтан байгалийн бус аргаар өөрөө өөрийгөө бий болгох, өөрийгөө таньж мэдэх, цаашлаад хорвоо ертөнцийг таньж мэдэх, жинхэнэ утгаараа хүн болж боловсрохын тулд ухамсартайгаар хийж буй үйлдэл, хичээл зүтгэл, хөдөлмөр юм. Үгийн язгуур нь бол-. Болох , боловсрох гэсэн гэсэн үйл үгээс үүссэн нэр үг. Боловсрол гэдгийг хүмүүс мэргэжилтэй андуурах нь бий. Мэргэжил гэдэг бол боловсрол биш. Харин боловсролын нэг хэсэг. Их сургуулиа төгсөөд диплом гардан авлаа гэдэг нь яг боловсролтой боллоо гэсэн үг биш. Боловсрол гэдэг диплом, гэрчилгээгээр л хязгаарлагдаад дуусчихдаг гэвэл үгүй. Хүн хүн болох хүртлээ боловсордог.

 Би боловсролыг 2 үндсэн хэсэгт хувааж үзнэ. Амьдралын боловсрол ба академик боловсрол. Академик боловсрол бол мэдлэг дээр суурилна. Энэ нь өөрийн хүслээр харж, сонсож, туршиж үзсэн, баталгаатай эх сурвалжаас олж авсан олон талын шинжлэх ухаан, соёлын мэдлэг юм. Энд би өөрийн хүслээр гэдэг үг хэллээ. Энэ нь хүн боловсролыг идэвхгүй харснаар, сонссоноор олж авахгүй, хэн нэгэнд хүчээр боловсрол олгож чадахгүй гэсэн үг юм. Боловсрол олгоно гэж ярьдаг ч энэ бол олгодог, эзэмшүүлдэг зүйл биш. Ердөө л хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахын тулд хичээж, оюун ухаанаа дайчилсны үр дүн.

 Харин амьдралын боловсрол гэдэг нь зөв хүн байх тухай юм. Энэ бол хувь хүний суурь хүмүүжил нэмээд өөрийн олж авсан амьдралын туршлага. Тэвчээр, уйгагүй байх тухай болон сониуч, эрэлхийлэгч, хөдөлмөрч, ухаалаг нэгэн байхыг академик боловсролоор лав олж авахгүй. Туршлага дээр суурилсан боловсрол гэсэн үг. Амьдралын боловсролд оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, хариуцлагатай, хүлээцтэй байдал, мэдрэмж, ухамсар, бусадтай харилцах харилцаа, хандлага зэргийг хамруулан ойлгож болно. Ердөө л энэ.

 Энэ 2 боловсрол хамт оршин байж сая нэг боловсролтой хүн гэж ярьж болох юм. Бидний өнөөх хүчирхэг зэвсэг 2 хэсгээс бүтдэг байх нь. Аль нэг нь байхгүй бол тэр зэвсэг биш. Аливаа зүйл бүрэн боловсорсон үедээ л мөн чанар, үнэ цэнээ олдог шүү дээ. Анар жимсний сургаалыг дурдъя. Гаднаа болсон боловч дотроо түүхий. Дотроо болсон боловч гаднаа түүхий. Гадна дотногүй түүхий. Гадна дотно хоёулаа болсон. Би жимсний дотор талыг амьдралын боловсролтой, гадна талыг нь академик боловсролтой зүйрлэж байна. Хэнбугай ч гаднаа ч түүхий, дотроо ч түүхий жимсийг ойшоохгүй биз. Ингэснээр жимс гэдэг утгаа ч алдаж байгаа юм. Харахад жимс атлаа үнэн хэрэг дээрээ идэж ч болохгүй хэнд ч хэрэггүй хог. Хүн ч яг л ийм. Харин одоо хүмүүсийг дотор нь боловсролтой буюу гадна дотно хоёулаа болсон, бүрэн боловсроогүй буюу гадна эсвэл дотор тал нь л болсон, боловсролгүй буюу гадна дотногүй түүхий гэж гурав ангилж болохоор боллоо.

 Ерөнхийдөө энэ бүгдээс бид одоо боловсрол хэрэгтэй юу гэх асуултын хариултыг авч чадахаар болчихлоо. Тийм. Гарцаагүй тийм. Үнэ цэнэтэй, хүн хэвээрээ оршихын тулд боловсрол хүнд зайлшгүй хэрэгтэй. Мөн боловсролтой хүн үргэлж давуу талтай байдаг. Тэд зорилготой, утга учиртай амьдардаг бөгөөд энэ нь тэд боловсролын хүчээр өөрийгөө төдийгүй нийгэм түүхээ, хүний болоод амьд ертөнцийг мэдрэн хаана байгаа цэгээ тодорхойлж чаддаг, орчлон хорвоо, цаг хугацааг үнэнхүү мэдэрч ойлгосон байдаг учраас юу хийх ёстойгоо, юу хийж бүтээх ёстойгоо мэддэг гэсэн үг. Мөн боловсролтой хүмүүс аливаа соёлыг эзэмшихдээ сайн, хаана ч хурдан дасан зохицох чадвартай, илүү нөлөөтэй, ядахдаа л хэнтэй ч аятайхан харьцчихдаг.  Ингээд үзэхээр боловсролын үр өгөөж үргэлж эерэг байгаа бөгөөд энэ нь улс орны хувьд ч нэн тустай гэсэн үг. Улсын хөгжил хүний хөгжлөөс хамаарна. Тиймээс боловсролтой иргэдийг бэлтгэхэд төрийн бодлого их чухал. Хөгжингүй орнуудын хүн ам нь боловсрол өндөртэй байдгийг шууд ажиглаж болдог шүү дээ.

 Манай улсын хувьд 2017 оны байдлаар 95 улсын болон хувийн их, дээд сургууль, коллеж байна. Эндээс жилд дунджаар 30 000 орчим мэргэжилтнүүд төгсдөг. Тэдний цөөхөн хувь нь ажилладаг. Энэ олон мэргэжилтнүүд гарч байгаа хэр нь улс орон хурдтай өсөхгүй, ажил олдохгүй байна гэж шалтаг тоочигчид нэмэгдэж байгаагийн шалтгаан нь нөгөө л нэг хүчээр сонссон, харсан мэдлэг, өөрийн хичээл зүтгэлгүй байдал, амьдралын боловсрол муутай холбоотойгоор боловсролгүй мэргэжилтнүүд төрж байгаа явдал юм. Үүнд төрийн оролцоо, боловсролын систем, арга барил нөлөөлж байна. Жишээ нь бид юунд хэрэгтэй нь мэдэгдэхгүй хэт их онол, томьёогоор нүдүүлдэг. Энэ нь хүүхдийг багаас нь шинжлэх ухааны мэдлэгээс айдаг, өөртөө итгэлгүй байдалтай болгочихдог.

 Мөн нэн тэргүүний асуудал бол практиктум хичээл. Аливаа зүйлийг өөрөө хийж, туршиж үзэж байж тэр бат бөх мэдлэг болж үлддэг. Гэтэл үнэндээ бидний төсөөлөн бодох чадвар л илүү хөгждөг. Тийм байсан гэж төсөөл гэж ирээд л хичээл заадаг нь үнэн шүү дээ. Ерөнхийдөө би хүн бүр бичиг үсэг тайлагдах ёстой, боловсролд төрөөс онцгой анхаарал тавих ёстой, практикийг орхигдуулж болохгүй, бидний олж авах мэдлэг амьдралын шаардлагад нийцсэн, дэлхийн соёл болон шинжлэх ухаанаас хоцрогдоогүй, зөв 1 системтэй байх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Мөн дээр нь нэмээд хүүхдийн суурь хүмүүжилд эцэг эх онцгой анхаарал хандуулж боловсроход нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Энэ нь иргэн бүрийн улс орныхоо төлөө хийж чадах хамгийн энгийн хэрнээ хамгийн их ач холбогдолтой зүйл. Суурь муутай зүйл өндөрсөх тусмаа аюултай болдог тул суурь хүмүүжлийг зөв, бат бөх байлгах ёстой.

Боловсрол гэдэг зүйлийг энэ мэтчилэн системтэйгээр байлгаж, хүний хөгжилдөө илүү их хувь нэмэр оруулбал бидний улс хөгжингүй орны жишгээр л хөгжин дэвших бүрэн боломжтой гэж би хувьдаа бодож байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд боловсрол бол хүн хүн болох үйл явц. Амьдралын болон академик боловсролыг хамт эзэмшсэн хүнийг боловсролтой хүн гэж нэрлэдэг. Боловсрол бол хувь хүн болон улс орны хөгжилд нэн чухал. Хичээнгүй, хөдөлмөрч, тууштай хүмүүс л боловсролыг бүрэн эзэмшиж илүү утга учиртай амьдарч чаддаг юм. Нэг л удаа хүн болж төрснөөс хойш амьдралын утга учрыг таньж мэдэн, орчлон хорвоотой танилцан, цаг хугацааны үнэ цэнэ болоод өөрийн үнэ цэнийг олж “хүн” байх хэрэгтэй. Уйлж ирдэг, гомдоллож амьдардаг, харамсаж үхдэг ердийн амьдралыг боловсрол өөрчилнө.

 Хоёрдугаар байр: А.Бат-Оргил /Дефакто Институт, бодлогын судлаач/

Боловсролыг шинэ өнцгөөр харъя

Улс орнуудын түвшинд хөгжлийг хэмжих олон аргачлал байдаг боловч хүний хөгжлийн индекс л хамгийн оновчтой хувилбар гэж олон эрдэмтэд үздэг. Уг хэмжүүрийн нэг чухал хэсэг нь боловсрол. Үүнийг хэмжихдээ иргэд нь хэдэн жилд сургуульд сурах ёстойгоос хэдэн жилд нь сургуульд сурч байна вэ гэдгээр тооцож гаргадаг (Сэн, 2003). Гэхдээ энэ бол улс орнуудыг харьцуулах зорилгоор гаргасан тун чиг ерөнхий хэмжүүр юм. Бараг бүх орныг хамруулсан, нарийн хэмжүүр гаргахад хүндрэлтэй учраас одоохондоо энэ хэмжүүрийн хүрээнд л боловсролын талаарх ойлголт хязгаарлагдаж байна. Миний хувьд хувь хүний түвшинд боловсролыг хэмжихэд арай өөр хэмжүүр хэрэгтэй гэж үздэг. Тийм хэмжүүрийг гаргахын тулд эхлээд боловсрол гэж юу вэ гэдгийг тодорхойлохоос эхлэе.

Хэдэн жилийн өмнө би Б.Ренчин (1968) гуайн "Монголын За-Андагаар буй заа" гэсэн ном уншсан юм. Түүний бичсэнээр Монголын нууц товчоонд "Монголун жа андагаар буй заа" гэсэн өгүүлбэр байдаг аж. Үүнийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлбэл Монголын За-Андагаар буй заа гэсэн өгүүлбэр болно. Утгачилвал Монголчууд за гэж хэлсэн л бол андгай, тангараг өргөсөнтэй адилтган үздэг байж. Хамгийн сонирхолтой нь Б.Ренчин гуай за гэсэн үгээ тангараг мэт үзэхийг хамгийн “том боловсрол” юм шүү дээ гэж бичсэн байх юм. Яагаад боловсрол гэж хэлсэн юм бол гэж би их гайхсан. Тухайн үед миний ойлголт бол боловсрол гэдэг нь их дээд сургууль төгсөж, тал бүрийн мэдлэгтэй, мэдээлэлтэй болох тухай байсан. Ер нь Монголчууд бид гадаадад сургууль төссөн, гадаад хэлээр ярьдаг нэгнийгээ тэр их өндөр боловсролтой хүн гэж ярьдаг биш бил үү. Гэтэл Б.Ренчин гуай яагаад хэлсэндээ хүрдэг хүнийг л боловсролтой гэж хэлж байгаа юм бол?

Энэ асуултад хариулахын тулд эхлээд би өөрөөсөө хэлсэндээ хүрдэг бил үү гэж асуусан юм. Үүнийг хариулах гэж оролдохдоо за гэж хэлсэндээ хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш болохыг ойлгосон. Хамгийн энгийн жишээ нь нэг найзтайгаа уулзая гэж хэлчихээд яг очих гэхээр өөр ажил гарчихав. Бас нэг найзаасаа чадна гээд нэг ажил авчихлаа. Нөгөө ажлаа хийх гэж хойшлуулсаар байгаад цагийг нь дөхүүлчихэв. Тэгээд амжсангүй.

Тэгэхээр "за" гэж хэлсэндээ байхын тулд хүн ажлаа төлөвлөдөг байх шаардлага гарч байгаа юм. Энэ нь ирээдүйд юу болохыг тодорхой хэмжээнд таамаглана гэсэн үг. Үүнд амьдралын туршлага хэрэгтэй. Бас хэн нэгэнд за гэж хэлээд нэг ажил хийхээр боллоо гэхэд тухайн ажлыг нь хугацаанд нь амжуулахын тулд залхуурлаа даван туулахаас эхлээд өөрийгөө удирдах чадварт суралцах шаардлагатай болчихож байгаа юм. Нөгөө талаас зарим чадахгүй, амжихгүй зүйлдээ шударгаар "үгүй" хэлж сурахыг ч бас шаардана. Тэгэхээр хүн “боловсорч” байж л хэлсэндээ хүрэх юм байна.

Ер нь миний хувьд тухайн нэр үгийн утгыг үйл үгнээс нь хаймаар юм шиг санагддаг. Боловсрол гэдэг үгийн үйл үг нь "боловсрох". Боловсрох гэдэг үг нь аливаа амьтан нас бие гүйцэх, жимс ургамал бүрэн гүйцэт ургах гэх мэт утга илэрхийлнэ. Япон судлаач Д.Төмөрбаатар нэг удаа зурагтаар япончууд бол будааны соёлтой хүмүүс гэж ярьж байсан. Учир нь будаа ургаад илүү сайн болох тусмаа бөхийдөг. Яг тэрэн шиг япон хүн ч гэсэн боловсрох тусмаа бөхөлздөг гэж. Энэ нь боловсролын ерөнхий утга нь боловсрох юм гэдгийг харуулж буй өөр нэг соёлын жишээ.

Тэгэхээр эндээс миний дүгнэлт бол боловсрол гэдэг бол хүний үг, үйлдэл хоёрын нэгдэл юм байна. Энэ нь Англи хэлний integrity гэдэг үгээр илүү тодорхой ойлгогдоно. Өөрөөр хэлбэл үг, үйлдэл хоёр нь нийлж байгаа хүнийг боловсролтой хүн, нийлж чадахгүй байгааг нь боловсролгүй нэгэн гээд ойлгочихож болно. Жишээ нь боловсролтой хүн цаг яс барина гэсэн үг. Гэхдээ энэ нь улс орны хувьд яаж илрэх вэ, улс орны хэмжээнд тийм чухал нөлөөтэй байж чадах уу гэж хэн нэгэн асууж болох юм. Ер нь хүмүүс хэлсэндээ хүрдэг хүнд л итгэдэг. Тэгэхээр хэлсэндээ хүрнэ гэдэг итгэлцлийн суурь, харин итгэлцэл нь нийгмийн ч, эдийн засгийн ч суурь фундамент болдог. Үүнийг нийгмийн шинжлэх ухаанд нийгмийн капитал (social capital) гэж нэрлэдэг. Нийгмийн капиталыг хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааг чиглүүлж байдаг үнэт зүйлүүд, ойлголтуудын нэгдэл гэж тодорхойлсон байдаг. Нийгмийн капиталыг хамтын ажиллагаа, солилцоо, инновацийг холбож байдаг цавуу ч гэж ойлгодог (OECD, 2001). Учир нь эдийн засаг дахь бизнес, технологийн хөгжилд бизнесүүдийн хоорондын хамтын ажиллагаа итгэлцлийг нэмснээр бий болдог (Chou, 2006).

Нийгмийн капитал буюу итгэлцэл өндөртэй оронд хүмүүс нь хэлсэндээ хүрдэг, бас эдийн засгийн солилцоо илүү хурдан хийгддэг. Үүний жишээ нь онлайн худалдаа. Алибаба компанийг үүсгэн байгуулагч Жек Ма “Хятадад Алибабаг үүсгэн байгуулахад нийгэмд итгэлцэл бий болгох л хамгийн хэцүү даалгавар байсан” гэж Давосын чуулганд оролцохдоо хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн капитал өндөр газар “transaction cost” буюу солилцоо хийх өртөг бага байдаг.

Судлаач Вайтали 2000 онд 1970 оноос 1992 оны хүртэл хугацаанд нийтдээ 34 орны эдийн засгийн өсөлтөд нийгмийн капитал хэрхэн нөлөөлдөг болохыг харьцуулж судлаад нийгмийн капитал эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг (Whiteley, 2000). Рупашинга нар ч мөн зөвхөн Америкийн Нэгдсэн Улсад нийгмийн капитал, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг судалсан байдаг (Rupasingha et al, 2000). Уг судалгааны дүнгээс харахад нийгмийн капитал, нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтөд шууд нөлөөлдөг байна.

Монголд нийгмийн капитал хэр зэрэг байгаа талаар Жонсон 2007 онд, Аптон 2008 нар судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгаанаас харахад Монголчуудын дунд итгэлцэл маш сул болох нь харагдсан. Тиймээс ч одоог хүртэл онлайн худалдааны Алибаба шиг том платформ хөгжөөгүй байна. Шинэ Зеланд улсад амьдарч байхдаа ажигласан хувийн туршлагаас хэлэхэд тэнд итгэлцэл өндөр учраас хүмүүсийн хоорондын солилцоо маш өргөн бөгөөд хурдтай явдаг юм билээ. “Трэйд Ми” гэдэг онлайн худалдааны платформыг 8 настай балчираас 80 настай буурал хүртэл бүгд хэрэглэж, өөрт илүүдэлтэй хуучин эд зүйлсээ борлуулж, солилцож байхыг харсан.

Эцэст нь дүгнээд хэлэхэд боловсролыг зөвхөн сургууль төгссөнийг илтгэх дипломоор хэмжихгүй. Харин чиний боловсрол эзэмшсэн эсэх чинь үг, үйлдэл хоёрын чинь нэгдлээр л харагдана. Харин бидний олонхи нь ийм болж чадвал хүмүүсийн дунд итгэлцэл өсч, эдийн засаг маань ч хурдасна.

 Гуравдугаар байр: Б.Түшигжаргал / МУИС-Хууль зүйн сургуульд суралцаж буй оюутан/

Боловсролын үнэ цэнэ

1997 онд дэлхийгээс хөөрсөн Кассини сансрын хөлөг тун удахгүй Санчир гарагийн мандал руу эцсийн дайвалт хийж, 20 жилийн аяллаа өндөрлүүлэх гэж байна. Бүх нийтийн боловсролын системийг бий болгоод ердөө 200 орчим болж байгаа ч энэ хугацаанд хүн төрөлхтөн бид уурын хөдөлгүүр, антибиотик, вакциныг бүтээгээд зогсохгүй 1.2 тэрбум километрийн цаана оршин хийн гараг дээр сансрын хөлөг буулгаж байна. 14 тэрбум жилийн настай энэ асар том ертөнцийн нууцыг хоёр хөлт бичнүүд бид судалж, өдий зэрэгтэй хөгжсөн нь боловсролтой зайлшгүй холбоотой. Хэн ч бүхнийг төрөлхөөсөө мэддэггүй, харин мэдэхийг хүсэж л төрдөг. Тийм ч учраас хүмүүс бид тэнэг гэдгээ мэддэг бөгөөд хамтдаа хэрхэн “илүү бага тэнэг байх”-ыг эрж хайдаг болохоор боловсролын системийг бий болгосон буй заа.

Мэдлэг гэдэг бол яг л  тоосго шиг. Үүгээр учир шалтгааны цайзыг барьж болох ч цонх хагалахаар шидэж ч болно. Олон зууны турш цугларсан хүн төрөлхтний асар их мэдээлэл нь өнөөх мэдлэгийн тоосгоор бүтсэн хот болох бөгөөд харин боловсрол гэдэг бол тэр хотыг нүдэндээ буулгаж авсан зураглал мэт санагддаг юм. Хотын гудамж бүрийн зургийг биш, өөрт хэрэгтэй, эсвэл хамгийн үзэсгэлэнтэй хэсгийн зургийг л хадгалдаг шүү дээ. Гэвч боловсрол чухам юунд хэрэгтэй гэж? Лааны тосон далавчтай ч нар луу чиглэж ниссэн Икарус шиг, эдийн засгийн хувьд боломж бололцоо тун муутайхан ч үнэтэй боловсрол эзэмшихийн тулд хэн хүнгүй л тэмүүлсээр байна. Банкнаас зээл аван байж сургалтын төлбөрөө хийчихээд насаараа өр, хүүнд нь дарлуулж амьдрахын оронд сурахгүй байсан ч амьдарчихна гэсэн “философи” коллежийн төлбөр нь хаданд гарчихсан Америк оронд аль хэдийн чих дэлдээд эхэлсэн. Стив Жобс, Марк Цукерберг гээд өчнөөн тэрбумтнууд дипломгүй, сургуулиа хаясан шүү дээ гээд л маргаан эхэлнэ. Боловсролыг үгүйсгэгчид болон түүний төлөө үхэн хатан тэмцэгчдийн энэ маргааныг эцэслэхийн тулд хэд хэдэн өнцгөөс асуудалд хандах нь зүйтэй билээ.

Эхний хандах өнцөг бол эдийн засгийн тал. Боловсрол эзэмших нь ашигтай юу? Америкийн их сургуулиудын дундаж төлбөр нь ойролцоогоор 33’000 доллар байдаг. Сургалтын төлбөрийн зээл, түүний хүүг төлөх, бас дээрээс нь хичээлдээ явах, шалгалтад бэлдэх гээд ажиллаж байсан бол мөнгө олж болох байсан цаг хугацаагаа сургуульд зарцуулна. Дээрээс нь мөнгөний ханшийн уналт, инфляц зэрэг олон хүчин зүйлсийг оруулж тооцоход ойролцоогоор 4 жилд 140’000 долларыг “боловсролд” зарцуулдаг байна. Тухайн зарцуулсан мөнгө маань ашигтай гэж тооцогдохын тулд дипломгүйгээр олж чадах байсан мөнгөнөөсөө жилд 175’000-аар илүүг дипломтойгоор олж чадаж байх ёстой гэдэг. Тэгвэл нэг цагт хэдэн доллар хийж байж зарцуулалт ашигтай болох юм бол? Ердөө л 1,75 доллар. Үүгээр ч зогсохгүй хөрөнгө оруулахад хамгийн их ашиг олдог салбар нь боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалт байдаг.

Мэргэжлийн зэрэг дэвийн төлөө суралцахад зарцуулсан мөнгө хувьцааны хөрөнгө оруулалтаас зургаа дахин илүү ашигтай. Зүгээр л их сургуульд 18 сар сураад түүнийгээ хаях нь ч хувьцааны хөрөнгө оруулалтаас ашигтай! Тиймдээ ч ихэнх судалгаануудыг харвал хэчнээн “хэт даварсан” үнэтэй байсан ч сайн боловсрол эзэмшиж чадсан хүний хувьд зарцуулалт нь эдийн засгийн хувьд ашигтай гэж дүгнэсэн байдаг.

Техник технологийн эринд алсын зайн сургалт гэгч нь улам бүр дэлгэрэх болсон нь бидний үед олдсон томоохон давуу талуудын нэг. Их сургуулиудын төлбөртэй сургалтуудаас гадна үнэгүй  бөгөөд сонирхолтой хөтөлбөрүүдийг цахим төхөөрөмжтэй хэн ч үзэж болохоор болсон. Энэ бүх боломжууд надад байсан учраас цахим ертөнцтэй холбогдоход л англи хэлний мэдлэг минь ямар нэгэн мөнгө төлж, сургалтад суулгүй хангалттай төвшинд хүрч чадсан. Зуны амралтаараа ажил хийхэд ч гэсэн энэ сурсан чадвар маань илүү цалинтай, илүү их сэтгэл ханамжтай ажлын байр олох боломжийг нээж өгдөг. Эдгээрээс харахад боловсрол эзэмшихийн тулд заавал төлбөр төлнө гэсэн ойлголтоос алхам алхмаар цаашилж байгаа нь эдийн засгийн хувьд харин ч сайн хэрэг байж мэдэх юм.

Гэхдээ хүний амьдралыг зуун хувь эдийн засгийн талаас харах нь бодит хариултыг өгч чадахгүй. Хүний сэтгэл хөдлөлийг хайр, үзэн ядалт гэсэн хоёрхон туйлд хувааж болохгүй шиг, хүний амьдралын аз жаргалыг дан ганц эдийн засгийн өнцгөөр харах нь утгагүй юм. Сэтгэл ханамжийн хувьд ямар байх вэ гэдэг нь ихэнх хүний хувьд мөнгөнөөс илүү чухал байдаг. Өдөржин бохир суултуур цэвэрлэж суух сэтгэл ханамжийн хувьд олиггүй л байж таарна. Ийм ажлыг “сайн боловсрол” эзэмшсэн хүн хийх явдал гарахгүй л болов уу. Миний хувьд ахлах сургууль, их сургуулийн аль алиных нь надад өгсөн хамгийн үнэтэй сэтгэл ханамж бүхий зүйл бол харах өнцөг юм. Дэлхийн дулаарал, эдийн засгийн хямрал, шинжлэх ухаан, одон орон судлал гээд өдөр тутам хэрэглэгдэхгүй ч хувь хүний хувьд нүдийг минь нээж, сэтгэлийг минь баясгадаг бүхнийг боловсрол надад өгсөн. Хэрэв ахлах сургуульдаа том, жижиг шохойг шидэж, газарт зэрэг унахыг нь баталдаг, лифтний утас тасалбал жингүйддэг тухай ярьж бидний анхаарлыг татдаг физикийн багштай байгаагүй бол амьдралынхаа хамгийн их баяр баясгалан болсон шинжлэх ухаан гэдэг найзтай болохгүй байсан биз. Шинжлэх ухаан гэдэг яг л хэзээ ч дуусахгүй, тэгсэн хирнээ нэг юмаа давталгүй үргэлж шинэ үйл явдал харуулж байдаг телевизийн цуврал шиг санагддаг юм. Ийм л сэтгэл ханамжийг би авч чаддаг учраас миний хувьд боловсрол үнэ цэнэтэй.

Мэдлэг боловсрол гэдгийг би хэзээ ч дайн тулааны үед бусад руу дайрах зэр зэвсэг гэж хардаггүй. Харин ямар ч үед гаднаас ирж болзошгүй аюул ослоос хамгаалах бамбай гэж ойлгодог юм. Хэдий чинээ олон хүн боловсрол эзэмшихийг ингэж харна, нийгэмд төдий чинээ эерэг нөлөөлөл гарч чадна. Чанартай боловсрол л сайн ирээдүйн “хамгаалагчид”-ийг бүтээдэг гэдгийг мартах учиргүй. Эдийн засгийн хувьд ч, сэтгэл ханамжийн хувьд ч ямагт “ашигтай” байж чаддаг хөрөнгө оруулалт нь боловсрол гэдгийг бид ухаарах ёстой. Түүгээр ч зогсохгүй мэдлэг боловсрол бидний маажиж чадахгүй тархины загатнааг гаргадаг цор ганц зүйл байдаг. Боловсрол гэдэг бол мэдэх, ойлгох, бусдад түүнийгээ  түгээхийн нэр боловч түүний хамгийн чухал үүрэг нь сониуч занг өдөөж, улам ихийг сурах хүсэл төрүүлэх биш гэж үү? Хүнийг бусад амьтдаас ялгадаг чухал зан араншин болох мөнхийн сониуч зангаа завгүй амьдралдаа алдахгүйн тулд сурч, сурч, бас дахин сурах учиртай. Тийм ээ, бид холыг зорин нисэж явна. Гэхдээ Икарус шиг устөрөгч, гелийн галт бөмбөлөг рүү биш, гэрэлт ирээдүй рүүгээ тэмүүлж явна шүү дээ!

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛБАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?