2022 оны Өвлийн Олимпийн болон Паралимпийн наадам Хятадын Бээжин хотод зохион байгуулагдахаар болсон. Олимпийн наадам 3 удаа дараалан азид зохион байгуулагдана. Тухайлбал : 2018 онд Пхёнчханд, 2020 онд Токиод, 2022 онд Бээжинд.
2022 оны тухайд Бээжинд Олимпийн нээлт явагдаж, уран гулгалт, шорт-трек, хоккей, керлинг, тэшүүрийн тэмцээн болох бол Яньцин хотод уулын цана, бобслей, чарга, скелетоны тэмцээн, харин Чжанцзякоу хотод цанын уралдаан, трамплинаас цанаар үсрэх, фристайл, сноубордын тэмцээн тус тус зохион байгуулагдах аж.
10-р сарын 19-нд Бээжин хотноо, Бээжин хотын дэд дарга, Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирлын орлогч Жан Жяньдүн "2022 оны Бээжингийн өвлийн олимпийн ордон заал, дэд бүтцийн барилгын ажил бүгд эхэлсэн" гэдгээ мэдэгдлээ. Шинээр байгуулж буй ордон заалуудыг 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг Бээжин хот, Яньчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү гэсэн 3 газарт зохион явуулах болсноо мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Бээжин дэх уран гулгалтын ордны барилга, Уулын цанын спортын төв, хээрийн цанын спортын барилга эхэлжээ. Мөн Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны замын дэд бүтцийн чухал төслүүд урагштай хэрэгжиж байгаа юм байна.
Ц.ХИШГЭЭ