Хурц өөртөө их итгэлтэй байгаа. Итгэлтэй байгаа нь ардаа томоохон, найдвартай хамгаалалттай гэсэн үг. Тэр хэнээс ч айхгүй гэдгээ илэрхийлж, одоохондоо Монголдоо хэнд ч дарагдаагүй яваа архаг хуульч, зангарагтай улс төрч, Хууль зүйн сайд Нямдоржтой "дайн зарласан". Түүний хүү Анхбаяр Эрдэнэт үйлдвэр лүү бараа шахсан тухай мэдэгдэл хийснээр тэдний хоорондын тэмцэл хурцдах шатандаа орсон. Ц.Нямдорж Б.Хурцыг Тагнуулын даргаас чөлөөлж чадсан ч, Б.Хурц шинэ томилгоо авч чадсан. Түүнд Солонгос улсад суух бүрэн эрхт элчин сайдын суудлыг найр тавьсан.
Харин одоо түүнийг элчин сайдаар томилох асуудлыг УИХ мэдэлдээ шилжүүлсэн. Нийт 20 гишүүн түүнийг "нээлттэй сонсголд" дуудсан. Түүнээс Зоригийн хэргийн захиалагчийг асуух болов. Мөн түүнийг ТЕГ, АТГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байхдаа олон тооны бизнес эрхлэгчдийн газар, лицензийг булаан авсан байх магадлалтай гэсэн сэжүүрийг Батзандан гишүүн дэвшүүлсэн.
Олныг айлгаж, ойр тойрноос нь шоронд суулгаж байсан Б.Хурцаас айлгүйгээр, үнэн мөн мэдээллээ. Их Хуралд ирүүлэхийг иргэдэд хандаж Батзандан уриаллаа. УИХ-ын танхимд Б.Хурцаас Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг ч асуух ёстой гэж Батзандан тэргүүтэй УИХ-ын гишүүд үзэж байна.
Ц.ХИШГЭЭ