МАН-ын дарга хэн болох нь маргаангүй шийдэгдсэн асуудал. Түүнтэй Дэмбэрэл, Хаянхярваа нар өрсөлдөхөөр нэр дэвшсэн нь үнэн. Энэ бол асуудлыг сонирхолтой л болгож байгаагаас биш, өрсөлдөгчид биш. Зүгээр л нэр дэвшигчид. Нэр дэвшигчид нэр дэвшигчдээрээ л үлдэнэ. Хүрэлсүх МАН-ын Их Хурлаар намынхаа даргаар сонгогдсоны дараа юу болох нь харин сонин байна. Тэр парламентад 65 суудалтай эрх баригч намын дарга болно. Тэр парламентийг базна, Засгийн газраа ч атгана. Дээр нь Намаа атгана. Тэгэхээр түүний дохио, шийдвэрээр улс орон хөдөлнө гэсэн үг. Засгийг хэн ч хянаж чадахгүй болох учир Хяналтгүй Засгийн Газар тогтоно гэсэн үг. Энэ бол хэнд ч дийлдэшгүй маш том дарангуйлагч төрөхийн шинж тэмдэг бүрдлээ гэж ойлгож болно. Түүнийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдох цагаасаа л эхлэн ойлголцон, дэмжиж, хамтран ажилласан. Тодорхой хэмжээгээр АН-ын бүлэг ч түүний талд зогссон. Тэгэхээр түүнийг хянах цорын ганцхан байгууллага үлдэнэ. Тэр нь хэвлэл мэдээлэл байх болно. Харин тэр нь тэрхүү үүргээ хэрхэн гүйцэтгэх бол доо. Ийм нэгэн төрөө ч, засгаа ч, эрх баригч намаа базсан, нэг талаас маш хүчирхэг удирдагч төрөхөөр дуншиж байна. Нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх нь туйлын осолтой алхам гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тэгвэл тийм л улс төрийн нөхцөл байдал руу Монгол улс гулсан орж байна.
Ц.ХИШИГЖАРГАЛ